ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжид Монгол улс хамрагдахаар болжээ
“Коронавируст халдвар (ковид-19)-ын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагаанд зорилтот бүлгийн судалгаа, байршил, дархлаажуулах үйл ажиллагаанд оролцох ЭМА, дайчлан ажиллуулах хүний нөөц, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн нөөц, зохих шаардлагыг хангасан байнгын болон түр цэгийн бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. COVID-19 вакцин нэвтрүүлэхийг дэмжихэд чиглэсэн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо нь Эрүүл мэндийн яам, түншүүдийн хувьд нэн чухал боловч төвөг бэрхшээлтэй ажил байх болно. Хүмүүсийн хүлээлтийг зохицуулах, ялангуяа вакцины эхний үе шатанд вакцины хангамж, хүртээмжийн талаар харилцаа холбоо ба олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг яг одоо эхлүүлэх, хүн амыг вакцин нэвтрүүлэхэд бэлэн болгох хэрэгтэй. Манай улсын хэмжээнд бүртгэгдсэн Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн 8.2 хувийг эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл эзэлж байна. Та бүхэн Коронавируст халдварын (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар вакцинжуулах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдвараас өөрсдийгөө сэргийлэх нь чухал байна” хэмээсэн юм.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица “Дархлаажуулалтыг эхлэхээс өмнө шаардлагатай бүх бэлтгэлийг хангах ёстой. Үүнд зохион байгуулалт, хэрхэн хүргэх, холбоотой хууль тогтоомжийг судлах, эрүүл мэндийн ажилчдаа бүрэн сургах, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, эрсдэлийн үеийн харилцаа холбоо зэрэг бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Баярт мэдээ дуулгахад Монгол Улсын бэлэн байдлын төлөвлөгөө болон ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжинд хамрагдах орноор Монгол Улс сонгогдсон байна. Нэгдүгээр улиралд нийт 25.740 тун вакцин хүлээн авна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс үндэсний хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтад дэмжлэг үзүүлж ажиллахдаа баяртай байна” хэмээсэн юм.