С.Амарсайхан: Говь-Алтайд бөхийн барилдаан зохион байгуулахгүй
МҮБХ-ноос энэ жилийн сар шинийн өдөр хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулах хүсэлтийг хүргүүлсэн ч УОК-оос бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглосон. Харин МҮБХ-ноос Говь-Алтай аймагт очиж барилдаан зохион байгуулах хүсэлт УОК-т хүргүүлсэн билээ.
Дээрх асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МҮБХ-ноос гаргасан сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, "Бид сар шинийн уламжлалт баяраа тэмдэглэж ирсэн. Гэхдээ цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна.
Сар шинийн баярын бөхийн барилдааныг цахимаар зохион байгуулах боломжийг судалсан. Ингэхэд цаг хугацаа шаардлагатай, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ" гэлээ.