М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын сан 2.7 их наяд төгрөгийн орлоготой хэрнээ 3.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Намрын ээлжит чуулган завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо голлох ямар хуулийн төсөл дээр ажиллав?
-2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо УИХ-ын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Харьяа байгууллагууд болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хуулийн биелэлтийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хөнгөлөлттэй эмийг гэртээ ойр байрлах бүх эмийн сангаас авах боломжийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 141 нэр төрлийн 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.
Манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлэхтэй холбоотойгоор иргэдэд тулгарч буй асуудлуудыг хянан шалгах, шийдвэрлэх зорилгоор эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг, эмийн сан дээр ажиллаж энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Өргөн хэрэглээтэй нийлмэл найрлагатай бүх төрлийн эмийг 70 хувиар хөнгөлсөн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороогүй байсан зарим шаардлагатай эмийг орууллаа. Эмийн агентлаг бий болсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын ажилтны тоог 50-105 болгон нэмэгдүүллээ. 2021 оноос хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрүүл мэндийн үйлчилгээ нэг худалдан авалтын тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг хангах, олон улсын чанарын хяналтын Up to date платформыг нэвтрүүлэх зэрэг үүрэг чиглэл өгсний дагуу энэ платформ Эрүүл мэндийн салбарт нэвтэрлээ. Ковид цар тахлын үеэр иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнөх оношийн дагуу бичигдсэн картаа үзүүлэн хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авах нөхцөлийг бүрдүүлсэн.
-Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болсон. Одоогоор эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль ямар шатандаа явж байна вэ?
-Эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал эрс буурна. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгдсэн зохицуулалт, хяналттай болж чанартай, баталгаатай, аюулгүй, боломжит үнэ өртөг бүхий эмээр ард иргэддээ үйлчлэх боломж бүрдэнэ. Ерөнхийдөө замбараагүй эмийн импорт, хяналтгүй үнийн зохицуулалтыг шийдвэрлэнэ. Манай эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар манай улсын зах зээл дэх эмийн 4,6 хувь нь бүртгэлгүй, 10,1 хувь нь стандартын бус, Олон улсын эмийн үнэ судлах аргачлалаар өргөн хэрэглээний 55 эмийн үнийг олон улсын жишиг үнэтэй харьцуулан судлахад 3-5 дахин өндөр үнэтэй байна.
-Хөдөлмөрийн тухай хуулийн талаар асуухад хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ харилцаануудыг энэ хуульд тусгаж байгаа гэсэн үү?
-Парламент дамжин хэлэлцэгдэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэж эхэллээ. Нийгэм эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч, техник технологи хөгжихтэй зэрэгцээд хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ харилцаанууд бий болсныг энэхүү хуулиар зохицуулж байгаа юм. Шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах 1999 оны хуулиар гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн харилцаа үүсч хуулийн хамгаалалтад ордог байсан. Шинэчилсэн найруулгын төслөөр ажиллаж эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэн хэмээн тооцож байгаа юм. Хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, хуулиар зохицуулагдаагүй байсан туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулна. 1999 оны хуулиар уул уурхайн салбарт чиглэсэн тодорхой зохицуулалт байхгүй байсан. Тухайлбал, Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгож төсөлд тусгагдаад явж байгаа. Гэхдээ салбарын яамнаас эдийн засгаа дэмжих үүднээс энэ асуудлыг эргэж харж, тоог нь нягталж үзэхийг хүссэн. Дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсаас гадаад улс, Гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулна. Цаашид эмнэлгийн санхүүжилт, төсвийн хуваарилалтын асуудалд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Нийгмийн бодлогын байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр ажлын хэсэг гарган ажиллах болно. Байнгын хорооноос гаргасан хууль тогтоомжийг хөрсөн дээр нь буулгаж иргэдэд чирэгдэл багатайгаар, ажил хэрэгчээр хэрэгжүүлж ажиллахыг Байнгын хороны даргын хувьд чухалчилж байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хоёр хувиар нэмсэн. Үүнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөөтэйгүүр хоёр хувиар нэмэхгүй байснаар НДС-д хэр их хохирол хүлээх вэ. Одоогийн нөхцөл байдал маш хүнд байгаа талаар салбарын хүмүүс хэлдэг шүү дээ?
-Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн зүйл байхгүй. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орох үед танай улсын нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Энэ чигээрээ явах нь эргээд Нийгмийн даатгалын сандаа хүнд цохилт болно. Тиймээс алдагдлыг бууруулах чиглэлийг бидэнд өгсөн. Жишээлбэл, 2007 онд 26 хувьтай байсан бол 2017 онд 21-23 болж бууруулсан. Энэ хэмжээгээр нийгмийн даатгалын сан алдагдал хүлээж байсан. Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ өөрчлөлтөөр сар бүр 0.5-1 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. 2018 онд нэг, 2019 онд 0.5, 2020 онд нэг хувиар нэмэгдүүлэхээр өөрчлөлт орсон байсан. 2018 онд цар тахал гараагүй, эдийн засаг одоогийнхтой харьцуулахад гайгүй байсан. 2018, 2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Харин 2020 оны нийгмийн даатгалын шимтгэлийн төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ ч хүлээн авч 2020 онд нэг хувь нэмэгдэх шимтгэлийг нэг жилээр хойшлуулсан. Учир нь ажил олгогч, ажилтан цар тахалтай хүнд үед 2020 оны нэмэгдлийг хойшлуулсан. Ингээд хориг 2021 онд дууссан учраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 2020 онд нэмэгдүүлэх ёстой нэг хувийн нэмэгдэл үйлчилж эхэлсэн. Тиймээс энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмлээ гэсэн буруу ойлголт зарим иргэд, аж ахуй нэгжийнхэн дунд яваад байх шиг байна. Тиймээс манай байнгын хорооноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ тухай мэдээллээ иргэдэд бодитойгоор өгөхийг зөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 2.7 их наяд төгрөгийн орлоготой хэрнээ 3.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, орлого нь зарлагаасаа давсан учраас алдагдлаа тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээ авахгүй бол тогтолцоо өөрөө гажуудалд орчих гээд байгаа юм. Хэрвээ тэгвэл тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаандаа тавьж чадахгүй эрсдэл үүрэх магадлал өндөр байгаа учраас олон улсын санхүүгийн байгууллагуудаас ийм чиглэл өгч байгаа юм. Гэхдээ цар тахлын хүнд үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажил 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 38.4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчийн 672 мянган тэрбум төгрөгийг чөлөөлсөн. Энэ нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чөлөөлөлт орсон. Харин төрөөс санхүүждэг байгууллагуудад үйлчлэхгүй. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан. Одоогоор бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт ачаалал болж очоогүй байна.
-Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг олгох санаачилга гаргасан. Энэ хүрээндээ ч УИХ ээлжит бусаар хуралдаж энэ талаар хэлэлцэх санал гаргалаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон нийтийн зүгээс бэлэн мөнгө өгөх нь инфляци, үнийн хөөрөгдөлд сөргөөр нөлөөлөх талтайг анхааруулж байгаа. Ер нь халамжаас илүү ажлын байрыг бий болгохыг иргэд хүсчбайна. Үүнд ч Байнгын хороо анхаарч ажиллаж байгаа. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 0-18 настай хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор 830 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ нь нийгмийн даатгалын санд ч, төсөвт ч асар их ачаалал өгөөд байгаа юм. Дээрээс нь халамж чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, шахмал түлшний үнийг 70 хувиар бууруулсан, эрчим хүчний үнийг тэглэлээ. Энэ мэтээр төсөвт орох орлого эрс буурч байна шүү дээ. Ийм үед цаг хугацаандаа цалин хөлсөө яаж тавих вэ гэдэг асуудал үүсээд байна. Тиймээс энэ үед нэг сая төгрөгийг өрх бүрт өгөх нь амаргүй. Иймээс шинээр томилогдсон Сангийн сайдад энэ талаарх тооцоо судалгааг маш сайн хийсний дараа УИХ-д танилцуулах чиглэл өгсөн. Тиймээс Засгийн газраас тооцоо судалгаа гаргаж хэрвээ бололцоотой гэвэл Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд дэмжихэд бэлэн. Тооцоо судалгаа л хамгийн чухал. Ямар ч тооцоо судалгаа гараагүй байхад дэмжинэ, дэмжихгүй гэж хэлэхэд эрт байна.