Э.Бат-Үүл: Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй
Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа буюу 12 удаа хойшилж буй. Хамгийн сүүлд энэ сарын 2-ны өдөр өмгөөлөгчид нь тусгаарлалтад орсон шалтгаанаар хурал дахин тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн үед шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан намайг гүтгэх зорилготой мэдээлэл тарааж байна. Шүүх хурал удаа дараа хойшлогдож байгааг надтай холбож, МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдахаар улайрч буй үйлдэл гэлээ.
Манай улсад коронавирус өвчин гарна гэж хэн ч бодоогүй. Тэр тусмаа шүүгдэгч надад шүүх хурал хойшлуулах зорилгоор коронавирус халдвар тараах төлөвлөгөө байгаагүй. Миний нуруу хугарч, хэвтрийн дэглэм баримтлах шаардлага үүссэн. Би нуруугаа төлөвлөгөөтэй хугалаагүй. Харин ч эмчилгээний горимоо зөрчиж шүүх хуралдаа очиж байсан.
Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг улс төрийн үйл хэрэг дөхөх үед намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэж ирсэн. Тухайлбал, айл ухдаг хулгайч, гадаадад олон хаустай, найз нөхдөө хөнөөдөг алуурчин, оффшор хөрөнгөтэй зэргээр гүтгэсэн. Энэ байдал одоо ч үргэлжилж байна. Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр гэм хийгээгүй. Авлига гэх муухай хэргээс хэзээд хол явсан хүн. Миний бие прокурор н.Золзаяаг шүүхэд өгнө. Шүүхээс өмнө гэм буруутай мэтээр ойлголт өгдөг хууль хяналтынхны бусармаг үйл ажиллагааг шалгуулахаар УИХ-д хандана" гэлээ.