ХНH-ын сайд А.Ариунзаяа: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2021 онд 1 хувиар нэмнэ
Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь болсон гэх тухайд ХНХ -ын сайд А.Ариунзаяа дараах тайлбарыг өгсөн байна.
Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл нь 2015 онд батлагдсан. 2015-2030 он хүртэл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогод “Монгол Улс цаашдаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн бодлого дэвшүүлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар нэмсэн. 2020 онд нэмээгүй. 2021 онд 1 хувиар нэмнэ.
2020 оны 04 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх бодлого авч хэрэгжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 1-н хүртэл төрийн буюу төсөвт байгууллагаас БУСАД бүхий л байгууллагуудад нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөлт, хөнгөлөлт үйлчилсэн хэвээр байгаа. Тоо, хувиар илэрхийлэх аваас 1 хувиар чөлөөлсөн буюу ажил олгогч 8.5, ажилтан 8.5 хувиар төлж байгаа.
Нийгмийн даатгал нь дотроо 5 даатгалтай байдаг. Үүнээс;
1. Тэтгэвэрийн даатгал,
2. Тэтгэмжийн даатгал,
3. Ажилгүйдлийн даатгал,
4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэх 3 даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлсөн.
5. Эрүүл мэндийн даатгал, (НД -ын шимтгэл 26 хувь боллоо гэсэн мэдээлэл нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2 хувийг оруулж тооцсон дүн байна).
Энэ 26-28 хувь нь 2007 оны хувь хэмжээ юм. Олон улсын байгууллагууд манай нийгмийн даатгалын санд үнэлгээ хийхэд бодлогын шинэчлэл хийхгүй бол бодлого буруу, алдагдалтай явж байна гэсэн зөвлөмж өгсөн. Үүнтэй 2017 оны хуулийн өөрчлөлт холбоотой. ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барихаар бэлдэж байна. 5 хууль орохоос 4 нь бэлэн болсон. Нэг хуульд нь Сангийн яамтай хамтран ажиллаж байна.
Ойрын хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг хийж олон давхаргат тогтолцоонд шилжинэ.Мөн Н.Учрал нарын гишүүд Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хууль өргөн барьсныг хамтран хэлэлцээд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.