ХӨСҮТ: Улаанбаатарт 31 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1890 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 31 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн шинээр хоёр том голомт үүсч байна. "Монгол шир" ХК-тай холбоотой халдвар. Тус компанийн нэг ажилтан хоёрдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-д шөнө онош батлагдаж орж ирсэн. Ингээд тус компанийн ойрын хавьтлын 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн. Хоёр нь "Амгалан амаржих" газарт батлагдсан. Нэг нь тус газрын сургалтын ажилтан.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 1054 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1380 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1890, эдгэрсэн 1398 эмчлэгдэж байгаа 479 байна. Хөнгөн 395, хүндэвтэр 82, хүндэвтэр 1, маш хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна" гэлээ.