“Монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгс Оксфордын толь бичгээс хасагдана
Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшинд сурагцагчдын толь бичгээс дауны хам шинж буюу удамшлын гажигтай, усан тэнэг хэмээн доромж утгаар хэрэглэсэн “монгол”, “монголоид”, “монголизм” үгсийг хасахаар болжээ. Энэ тухай тус сургуулийн хэвлэлийн албанаас “Монгол Тодотгол” ТББ-д албан ёсоор мэдэгдсэн байна.
Тодруулбал, “Формула 1” уралдааны үеэр тамирчин Макс Верстаппены өөр нэг жолоочийг “монгол” гэж хараасан байна. Иймд “Монгол Тодотгол” ТББ байгууллагаас өнгөрсөн сарын 24-нд тохиосон Дэлхийн боловсролын өдрөөр уг үгийг толь бичгээс хасах хүсэлт бүхий захидал хүргүүлжээ. Тухайн үед зарим хүн oлон нийтийн сүлжээгээр толь бичигт байдаг тул уг үгийг хэрэглэж болно гэсэн агуулгатай материал нийтэлсэн байна.
Оксфордын их сургуулиас энэ сарын 2-нд албан ёсоор хариу ирүүлсэн бөгөөд дээрх үгсийн доромж утгатай тайлбарыг дахин шалгасны үндсэн дээр тус толь бичигт хэвлэхээ болих шийдвэр гаргаснаа дурджээ.
Оксфордын их сургуулиас гаргаж байгаа Англи хэл ахисан түвшинд сурагцагчдын толь бичиг нь дэлхий даяар номын сан, сургуулиудад өргөн хэрэглэгддэг толь бичиг юм. Оксфордын толь бичгүүдийг албан ёсоор Аpple, Google зэрэг компани цахим орчинд хамгийн их хэрэглэдэг байна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг