Барилга, хот байгуулалтын яам 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Улмаар есөн зорилго, 47 зорилт бүхий урт хугацааны бодлого хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Тухайлбал, эхний ээлжид Улаанбаатар хотоос 25 километрийн тойрогт Багануур, Багахангай, Тэрэлж, Налайх, Аэросити, Био, Туул, Шувуу тосгон, Аргалант, Эмээлт зэрэг дагуул хот бий болгох дэд бүтэц шийднэ. Энэ дагуу хотуудыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, туслах аж ахуй, худалдааны гэсэн чиглэлээр төрөлжүүлэх бодлого баримтлахыг салбарын яамнаас онцолж буй. Гэхдээ хөдөө орон нутагт төвлөрөл бий болгохын тулд хувийн хэвшилтэй хамтарч тухайн газарт эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатай гэнэ.
Залуу гэр бүлүүд орон сууц авахад 30 хувийн урьдчилгаа хүндхэн сорил болдог бөгөөд гэр хорооллын 200 мянган өрх орон сууц худалдан авахад амаргүй байдаг гэх судалгаа бий. Тэгвэл салбарын яамнаас орон сууц барих газар, дэд бүтцийг төр үнэгүй өгч, эхний ээлжид “Залуус 1, 2, 3” хорооллыг барихаар бэлтгэж байгаа аж. Энэ хүрээнд Яармагийн цаана болон Баянзүрх дүүрэгт дэд бүтэц татах юм. “Залуус 1, 2” хорооллыг Улаанбаатар хотод, “Залуус 3” хорооллыг орон нутагт барихаар зорьж буй.