Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэх, биед нь халдах хэрэг өдөр алгасахгүй гарч байна
Хэв журам сахиулахаар очсон, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохоор ирсэн цагдаагийн алба хаагчийн биед халдаж, эсэргүүцэх хэрэг өдөр алгасахгүй шахам гарч байгааг эх сурвалж хэллээ. Өчигдөр, уржигдар гэхэд цагдаагийн биед халдсан, гэмтсэн гэх таван хэрэг бүртгэсэн байна.
Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн иргэн Э нь архидан согтуурч, улмаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, дүрэмт хувцсыг нь урлаа. Мөн Багануур дүүргийн иргэн Ү нь гэр бүлийнхнийгээ айлган сүрдүүлж, дуудлагаар очсон цагдаагийн биед нь халдав. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Цогццэций сумд эмэгтэй албан хаагч өчигдөр зодуулсан хэрэг гарав. “Агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу олон нийтийн эргүүл болон цагдаагийн алба хаагч хэргийн газарт очсон аж. Гэвч согтуурсан иргэн эмэгтэй алба хаагчийг үсдэн чирч, олон нийтийн эргүүлийн гарыг нь мушгиж, хувцсыг нь урсан байна. Үүнтэй ижил төрлийн хэрэг өчигдөр Ховд аймгийн Булган сумд мөн бүртгэгджээ.