Хаана найр наадам, улстөржилт болно, тэнд ковид гаарч байна
Хүн төрөлхтөн коронавирус гэх цар тахалтай тэмцээд бүтэн жилийн нүүр үзлээ. Бид тахалтай дэлхийд амьдарч байна. Манай улсын хувьд тэсч тэсч байгаад өнгөрсөн намар энэ цар тахлыг дотооддоо алдчихсан. Монголчууд коронавирусийг дотооддоо хэрхэн алдлаа, яаж хариуцлагагүй загналаа гэдгийг эргэж саная л даа. Халдвар гарсны дараахан төмөр зам дагаж вирус тархсан гэдгийг албаныхан баталсан.
Төмөр замын том баяр, тэмцээн уралдаан болж, олон зуун хүн түүнд нь хамрагдсан нь тогтоогдсон. Мөн төмөр замын хатуу, зөөлөн эдээр дамжсан гэдгийг УОК мэдээлсэн билээ. Бас шинжилгээгүй хүмүүс орж гарсан гэдэг батлагдаагүй яриа ч бий. Халдвар тархсан, дамжсан энэ бүх үйл явдал юунаас болов гэхээр ердөө л хариуцлага алдсанаас болсон. Найр наадамд дуртай, найрлана, цэнгэнэ гэхээр хамаг ажлаа хаяад тэвчээргүйтдэг нийтлэг зангийн уршиг. Түүнээс хойш дотоодод илэрч буй халдварууд хаана л найр наадам, нийллэг, цугларалт, бөөгнөрөл болно, тэндээс нь л дэлгэрч, голомт үүсгэсээр байна.
“Энх саран” сувилалд яалаа. Гаднаа харуул хамгаалалттай мөртлөө дотроо караокедэж, нийллэг зохион байгуулж, замбараагаа алддаг байсан талаар тухайн үед бүгд шуугьцгаасан. Сүүлдээ тэнд дураараа орж гарч, сэлгүүцдэг байсан тухай ч ярьдаг хүмүүс бий. Энэ бол монголчуудын юманд тэвчээргүй, тууштай биш ханддагтай нь холбоотой. Түүнээс биш өөр ямар нэг хүчин зүйлээс болж халдвар дэгдээгүй юм. Манайхны аливаад тууштай байдаггүй, эцсийг нь үзэж чаддаггүйн л гай.
Хаагаад хамгаалаад, ариун цэврийг нь сахиулдгаараа сахиулаад байхын оронд “Хэзээ дэлгэрэх нь цаг хугацааны асуудал аа хө” гэж орилолдсоор байгаад л дотооддоо алдчихсан. Хэрэвзээ тууштай, анх гаргасан шийдвэртээ бат зогсож, юманд шинжлэх ухаанчаар тэсвэртэй ханддаг байсан бол хааж, хамгаалаад, халдвар оруулахгүй байж чадах л байсан.
Тухайн үедээ коронавирус гэдэг чинь юунд ч дийлдэггүй, шинжлэх ухаан хүртэл сөхөрч байна ухааны юм ярьж сүрдэцгээж байсан чинь өнөөдөр ингээд харахад зүгээр л сахилга баттай байхад л болох байжээ гэж дүгнэж болохоор байна. Сүртэй өндөр хамгаалалт, техник хэрэгсэлдээ биш, халдвар хамгааллын дэглэмээ нарийн барьж, өдөр тутамдаа хариуцлагатай байхад л болохоор байв.
Тахлын үед сахилга баттай байх шат дамжлага дээр ганц л алдаа мадаг гарахад нийтээрээ хохирогч болж байгааг бид бодитоор, амьдралаараа харж, мэдэрч байна. Тээврийн жолооч буудал, караокегоор орсон, автобусны жолооч нар Улиастайн эрэг дээр очиж агаарт гарч наргицгаасан, ЭМЯ-нд улстөржилт болж, жагсаал цуглаан хийтэл дотроос нь коронавирус илэрсэн, нэгнийхээ төрсөн өдөрт 20, 30-аараа очицгоогоод ташраараа тусгаарлалт руу шилжсэн гээд юу юу болсныг та бид нэгд нэгэнгүй мэдэж байгаа. Энэ бүх жишээ бол монголчуудын юманд туйлбаргүй ханддагийн баталгаа.
Одоо энэ муухай зангаа өөгшүүлж, дэвэргэхгүй УОК-оос өгч буй заавар зөвлөгөөг хүн шиг мөрдөж, Цагаан сарын баярын өдрүүдээр гэр гэртээ хэд хоног хөл хорионд тэвчээртэй суучихмаар байна. Ямар нэг баяр, цэнгээн гэхээр хэний ч нүдийг хуурч байгаад мултарчих гээд байдаг зантай болохоор Цагаан сараар хатуу хөл хорио тогтоож, чангатгах нь зөв. Үр хүүхдүүд нь аав ээж, настай хүмүүс дээрээ очихгүй байх хэрэгтэй. Хэдхэн хоног тэсчих. Цар тахал мөнх үргэлжлэхгүй. Цаг хугацааны асуудал. Жаахан л хугацааг тэвчээд өнгөрөөчихөд аяндаа шинжлэх ухаан энэ вирусийг устгачихна. Ирэх долоо хоногт гэхэд л вакцин эхнээсээ орж ирлээ шүү дээ. Хойтонгийн Цагаан сараар гэхэд бид өнөөдрийн энэ нөхцөл байдлаа мартчихсан айл айлаар ороод золгоод л явж байх болно.
Коронавирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хот жилийн өмнө ямар байлаа. Гэтэл одоо Ухань шиг баярлаж, баяртаа бэлдэж байгаа газар байна уу. Тахал дунд тарчилж байснаа мартаад тарвалзацгааж байна, тэнд. Үүнтэй адил ирэх жилийн Цагаан сараар “Юун тахал, ямар тахал вэ” гэцгээчихсэн найрлаж, наадаад явна.
Нэгэнт алдсан, одоо хөл хориод дэмий, сул тавь гэж муйхарлаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, эрдэмтдийн зөвлөл тархалт дээр судалгаа хийж, математик аргачлалаар нарийн тооцооллыг нь гаргачихсан. Хэрвээ Цагаан сараар хөл хориог сулруулбал 8-10 мянган хүн уг халдварыг авна гэж сэрэмжлүүлсэн.
Өчигдөр тус багаас манай улсын “КОВИД-19”-ийн өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабт танилцууллаа. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлбэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон.
Хэрвээ Цагаан сараар хөл хорионы дэглэмийг сулруулбал ирэх сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судлаад гаргаад ирсэн байна. Тийм байхад бид хичнээн эсэргүүцээд нэмэргүй, өөрсдөдөө л эрсдэл дуудна. Энэ үед итгэл найдвараа алдсан, урам зоригоо гээсэн “Хөл хориод дэмий, хаашдаа алдчихсан ш дээ” гэсэн утгатай юм ярьж бусдадаа сөрөг нөлөө үзүүлээд хэрэггүй. Одоо л тууштай байж, тэсвэрээ гаргацгаая. Ирэх долоо хоногоос эрсдэлтэй бүлгүүд маань эхнээсээ вакцинжуулалтад хамрагдаад, цаашлаад нийтээрээ энэ тахлын эсрэг тарилгад хамрагдана.
Өнгөрсөн жил манай урд хөрш Цагаан сарын баяраараа хөл хорио тогтоогоогүйгээсээ болж, халдвараа хяналтаасаа гаргаж, тэр нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болчихоод байгааг мэдэж л байгаа байлгүй.
Д.Гансаруул