Манай улсад бэлгийн замын халдварт өвчин нэн тулгамдсан асуудал болоод удлаа.
Сүүлийн хоёр жилд коронавирусээс сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийт халдварт өвчний тархалт тодорхой хэмжээнд буурсан ч бэлгийн замынх тасралтгүй өссөөр байна. Өнгөрсөн оны эцэст 33 376 хүн халдварт өвчинд өртсөний 48.4 хувийг бэлгийн замынх эзэлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ. ХДХВ/ ДОХ-ын тохиолдол гэхэд л 2019 оныхоос долоогоор нэмэгдэж, 25 хүн халдвар авсан нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Тэгвэл өнгөрсөн онд уг халдварын улмаас гурван хүн нас барсныг албаныхан хэллээ. Түүнчлэн 20 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй мэндэлснээс 2020 онд 10 нь уг өвчнөөр эндсэн гэнэ. 2018-2020 оны үзүүлэлтийг нэмбэл, төрөлхийн тэмбүүгийн улмаас сүүлийн гурван жилд 33 хүүхэд эндсэн байна. ХДХВ/ДОХ-ын халдвараар ч жил бүр 3-4 хүн нас барах болсон нь өвчин хожуу шатандаа оношлогдож буйг илтгэх аж.