Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монгол Улсын баатар, Монголын ардын нам, төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэрээр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод 1893 оны хоёрдугаар сарын 2-нд харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлжээ.
Д.Сүхбаатар нь БНМАУ-ын цэргийн яамны сайдаар ажиллаж байснаас гадна бүх цэргийн жанжин байлаа. Тулалдаануудаас нь дурдвал 1918 оны байлдаан, Хиагтыг чөлөөлөх байлдаан, Нийслэл хүрээг чөлөөлсөн гавьяатай.
14 настайдаа бичиг үсэг сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан байна. Мөн 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдан, 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэгний хувьд Оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
1921 оны гуравдугаар сарын 1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, тухайн оны 11 дүгээр сард Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. 1922 7 дугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдож, 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгсчээ.
1924 оноос Д.Сүхбаатарын дурсгалд зориулан нам олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн өргөн цуглааныг хийж эхэлсэн бөгөөд 1930 оны намар Улсын төв театрын өмнөх талбайг түүний нэрээр нэрлэжээ. 1934 оноос Монголын бүх цэрэг армийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, мөн 1943 онд түүний нэрэмжит офицерын сургуулийг байгуулж, их дээд сургуулийн шилдэг онц сурлагатнуудад Д.Сүхбаатарын нэрэмжит цалин олгодог болжээ.1945 оны 9 дүгээр сард төрийн хамгийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонг бий болгож, 1946 онд уран барималч С.Чоймболын гаргасан загвараар хөшөөг бүтээж 7 дугаар сарын 8-нд албан ёсоор хөшөөний нээлтийг хийжээ.