Хотын дарга Д.Сумъяабазар барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах санал гаргав
УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсэж буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа юм. Иймд нийслэлийн зүгээс БШУЯ-тай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг хэлсэн юм.
Түүнээс гадна нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1-н гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Мөн барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргав.
Улмаар коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа аж. Тэр тусмаа цар тахлын голомт дээр ажиллан, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг энэхүү түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулах бодлогыг хот баримталж байгаа юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой аюулгүй байдлыг хангуулж, “Угаарын удирдлагын төв” байгуулан иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, угаарын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахаар ажиллаж байна.
Эцэст нь коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоох үед нийслэл хотод нэгдсэн дата бааз байдаггүйгээс нийслэлийн аль хэсэгт хэр түвшний хөл хорио тогтоож, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө боловсруулахад мэдээлэл хангалтгүй байсныг хэллээ. Тиймээс Нийслэлийн Инновац, технологийн газар бусад албатай хамтран нийслэлийн хэмжээнд мэдээллийн цогц дата бааз үүсгэн ажиллаж буйг танилцуулав.