Төв банк бодлогын хүүг бууруулснаа зарлалаа
Монголбанкнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр төв банкнаас бодлогын хүүг бууруулсан гол нөлөө нь эдийн засгийн сэргэлтийн хугацааг 2-3 улирал түргэсгэнэ гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл, ДНБ-ийн зөрүү эерэг төлөвт очих хугацаа 2-3 улирлаар наашилж байгаа хэрэг аж.
Мөн арилжааны банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүүг зургаан хувь болгож бууруулсан байна. Банкуудад олгосон санхүүжилтийн хэмжээ дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгт хүрчээ. Зарцуулалтыг нэгдүгээр сарын 25-ны байдлаар нэгтгэж үзвэл 192 тэрбум төгрөг нь эцсийн зээлдэгчдийн зээлийг дахин санхүүжүүлэх болон шинээр олгох хэлцэл хийгдээд явж байна.
Үүнээс 82.9 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ хийгджээ. Үүнээс гадна 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг жижиг дунд бизнесийг дэмжих, уул уурхайн бус экспортод олгохоор Мөнгөний бодлогын хорооноос шийдвэрлэсэн гэнэ. Тодруулбал, Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг шинээр олгох ба одоо банкан дахь зээлийг дахин санхүүжүүлэх, уул уурхайн бус салбарын хүрээнд нэг хүнд олгох зээлийн хэмжээ нэг тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй байхаар тогтоожээ.