"Рио Тинто"-ийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Б.Болдыг томиллоо
"Рио Тинто" групп өчигдөр /2021.01.27/ удирдлагын шинэ багаа танилцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилжээ.
“Рио Тинто” компани өнгөрсөн тавдугаар сард Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийх үедээ тус улсын уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан тус компани удирдлагын багаа шинэчлэхээр болсон юм.
Шинэ удирдлагын баг нь "Рио Тинто"-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхийн төлөө зорьж ажиллана гэдгийг тус компани мэдэгджээ.
Б.Болдын хувьд анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн ба дараах албан тушаалуудыг хашиж иржээ.
- 2013 оны зургадугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч
- 2014 оны тавдугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирал
- 2015 оны наймдугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал
- 2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал
Харин үүнээс өмнө:
- 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал
- 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал
- 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал
- 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүн
"Рио Тинто" компанийг удирдах шинэ баг:
Гүйцэтгэх захирал – Якоб Стаусхолм
Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд
Худалдааны захирал – Алф Барриос
Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч – Питер Каннингэм
Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн гүйцэтгэх захирал – Марк Дэвис
Эрдсийн группийн гүйцэтгэх захирал – Синайд Кауфман
Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал – Барбара Леви
Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал – Жеймс Мартин
Австралийн гүйцэтгэх захирал – Келли Паркер
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал – Арнауд суарат
Стратеги, хөгжил хариуцсан захирал – Питер Тот
Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал – Саймон Тротт
Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал – Иван Велла