Эм, тариа дутагдсанаас эрхтэн шилжүүлэх мэс заслыг зогсооход хүрчээ
Улсын хэмжээнд иргэдийн өргөн хэрэглээний болон нарийн мэргэжлийн зарим эмчилгээ, үйлчилгээнд шаардлагатай эм, тариа, хэрэгсэл, урвалж, оношлуур үе үе тасалдах болжээ. Энэ нь хилийн боомтуудыг хааснаас болсон гэх. Мөн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эм үйлдвэрлэгч улс орнуудад түүхий эд нь тасарсны улмаас зарим эм, эмнэлгийн хэрэгслийнхээ экспортыг хязгаарласан аж.
ДЭМБ-аас “Ковид-19”-ийн үед эмнэлгийн нэн шаардлагатай болон бусад төрлийн тусламж, үйлчилгээг орхигдуулалгүй, хэрэгцээт эм, тариаг тасралтгүй нийлүүлэхийг улс орнуудад зөвлөсөн. Манай ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) болон бусад холбогдох байгууллагынхан эм, тариа, хэрэгслийн нөөцийг тасралтгүй хангаж, эмчилгээ, үйлчилгээг хэвийн явуулж буй гэдэг ч амьдрал дээр өөр байна.
Тэр дундаа амь нас нь цаг, минутаар хэмжигдэж буй хүмүүсийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ тасалдахад хүрээд байгаа талаар албаныхан огт мэдээлээгүй. Он гарснаас хойш элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал огт хийгээгүйг бид тодрууллаа. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст дархлаа дарангуйлах эмчилгээ хийдэг тул “Ковид-19”-д өртөх магадлал өндөр гэж үзээд эхэндээ хэсэг харзнаснаа эмч нар хэлсэн. Гэвч уг эмчилгээ, үйлчилгээнд шаардлагатай зарим эм, тариа, уусмал, урвалж тасарснаас хагалгааг хойшлуулсан тохиолдол ч байна. Энэхүү өндөр түвшний, нарийн төвөгтэй эмчилгээнд шаардлагатай эм, хэрэгслээс нэг нь л дутвал мэс засал хийх боломжгүйд хүрдэг байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2020 оны эцэст 112 хүнд элэг, 229 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгаад, хагалгаагаа зогсоожээ. Энэ онд зөвхөн УНТЭ-т гэхэд л элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг тус бүр 24 хүнд хийх төсвийг улсаас баталсан. Тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүйгээс элэг, бөөр “солих” мэс заслыг зогсоосон шалтгааныг тодруулахад “Коронавирус хүн амын дунд тархсан нь дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг өвчтөнүүдэд хүнд тусаж байна.
Мөн улсын хэмжээнд өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй дархлаа дарангуйлах эм, түүний тунг шалгадаг урвалж, зарим уусмал, эм тасалдсан зэрэг шалтгаанаар элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг он гаргаад зогсоолоо. Өнгөрсөн жилийн хавар тендерээс шалтгаалан шаардлагатай зарим эм, тариа хүлээсний улсаас уг эмчилгээг нэг хэсэг хийгээгүй. Өдгөө манай эмнэлгийн хяналтад 200-гаад хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хүлээн, диализын эмчилгээ хийлгэж байгаа.
Тэдний тухайд бөөрний архаг дутагдалтай ч орлуулах эмчилгээ хийлгэн, хүлээх боломжтой. Харин элэгний хатуурал, хавдрын улмаас эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай мөн тооны хүнд ийм боломж байхгүй. Тиймдээ ч ДЭМБ-аас “Ковид-19”-ийн үед тасалдуулж болохгүй, нэн шаардлагатай эмчилгээний жагсаалтад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг оруулсан. Уг хагалгаанд хэрэглэдэг эм, тариа, уусмал, урвалж нийлүүлэгч компаниуд улс орнуудад аль болох яаралтай экспортлох бодлого баримталж байгаа.
Манайх халдвар гарсан улс орнууд руу нислэг үйлдэхгүй байгаа учраас нийлүүлэгч компаниуд тусгай үүргийн онгоцонд ачаагаа илгээх замаар түгээлтээ хийж байна. Бид эхний ээлжид элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бусад бүтээгдэхүүнийг БНСУ-аас оруулж ирсэн. Одоогоор 3-4 хүний эмчилгээнд ашиглах бүтээгдэхүүний нөөц бүрдүүллээ. Өнгөрсөн даваа гарагт нэг хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн нь энэ оны анхны тохиолдол болов. Ирэх баасан гарагт бас нэг хүнд мэс засал хийхээр төлөвлөсөн. Манай эмнэлгийнхэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг аль болох тасалдуулахгүйг хичээж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй зүйл бас бий” хэмээв.
Эрүүл мэндийн багц хуулийн шинэчлэлийн дагуу эмнэлгүүд өмнөх шигээ тус тусдаа эм, тариагаа худалдан авах сонгон шалгаруулалт зарлахгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдан авагчийн системээр шаардлагатай эм, тариа, хэрэгслээ оруулж ирнэ. Үүний дагуу ирэх сараас тендер зарлаж, эмнэлгүүд нөөцөө бүрдүүлэх юм байна. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ тэр хэрээр хойшилж мэднэ. УНТЭ-ийнхэн хоёрдугаар сард гурван хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөснөө хэлсэн.
Үүнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дархлаа дарангуйлах эмийг байнга уудаг. Уг эмийн импорт хэсэг хугацаанд тасарснаас иргэд хүнд байдалд оржээ. Нэг үгээр хэлбэл, улсын хэмжээнд энэ төрлийн эм уудаг 600-гаад хүний амь дээсэн дөрөөнд дэнжигнэсэн гэсэн үг. Азаар, тэдний нэг улиралд уух хэмжээний эмийг саяхан оруулж ирсэн байна. Гэхдээ цаашид уг эмийг нэг өдөр ч тасалдуулахгүй оруулж ирэх төлөвлөгөө бий, эсэх нь тодорхойгүй. Цусан дахь дархлаа дарангуйлах эмийн тунг шалгадаг урвалж үе үе тасарч байгаа гэх. Энэ нь эмчилгээг зөв удирдах, эмийн тунг ихэсгэж, багасгахад чухал үүрэгтэй аж.
Түүнчлэн эмийн сангуудаар худалддаг өргөн хэрэглээний дархлаажуулалтын бүтээгдэхүүнүүд болох өндөр тунтай С, Д аминдэм, өвчин намдаах болон даралт бууруулах, зүрх, судасны эмүүд тасраад байгаа аж. Тэр дундаа Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудыг хаасантай холбоотойгоор БНХАУ, ОХУ, БНЭУ-аас импортолдог тариа, дусал, нүдний өргөн хэрэглээний дусаалгууд, нойрны, эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэдэг эмийн импортод саад учирч байгааг ханган нийлүүлэх байгууллагынхан хэлж байна. Тодруулбал, хүн амын дунд коронавирус дэгдсэн цагаас хойш эм ханган нийлүүлэх байгууллагууд захиалсан бүтээгдэхүүнүүдээ авч чадахгүйд хүрч, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог нэн шаардлагатай эм, тарианы хомсдолд хүртэл орсноо нуугаагүй.
Өндөр температурт хадгалах горимтой тариа, дуслын шингэн, зарим урвалж, оношлуурыг онгоцоор тээвэрлэн оруулж ирдэг тул захиалгын тоо нь огцом цөөрчээ. Агаарын хил хаасан учраас ханган нийлүүлэх байгууллагууд хадгалалт, хамгаалалтын нарийн горимоор оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдээ зөвхөн тусгай үүргийн нислэгээр багахан хэмжээтэйгээр л импортолж буй аж. МИАТ компанийнхан тусгай нислэгээр олон хүн авчирч байгаа учраас ачаа, барааны захиалга их хэмжээгээр авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ манай улс энэ сарын эхээр хойд хилээр нэн шаардлагатай эм, тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд оруулж ирснээр “гал залгуулжээ”.
Түүнчлэн ирэх сарын 1-нээс авто тээврийн боомтуудаар шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслүүд оруулж ирнэ гэдгийг салбарын яамнаас мэдэгдсэн. Тэгвэл долоо хоногийн өмнө Замын-Үүдийн болон Алтанбулагийн боомтоор 19 машин ачаа, бараа, эм, тариа оруулж ирснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэллээ. Ингэснээр эм ханган нийлүүлэх байгууллагууд өндөр температурт хадгалах горимтой тариа, дуслын шингэн, зарим урвалж, оношлуурыг эс тооцвол ирэх гуравдугаар сарын 20 хүртэл “гал алдахгүй” гэдгээ албаныханд уламжилжээ.
Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн 50 орчим хувийг даралт бууруулах, зүрх, судасны эмүүд эзэлж буй. Хэдийгээр албаныхан нөөц бүрдүүлсэн гэх ч энэ төрлийн зарим эм тасраад, олдохгүй байгааг иргэд хэлж байна. Өндөр настнууд болон архаг, хууч эмгэгтэй хүмүүс эмчийн зааврын дагуу өөрт таарч, тохирсон эмээ л уудаг. Тухайн эм нь тасарчихаар өөр бүтээгдэхүүнээр орлуулсан ч дорвитой үйлчилдэггүй гэнэ. Энэ талаар ЭМДЕГ-ынхнаас тодруулахад “Манайх хөнгөлөлттэй эм борлуулагч гэрээт байгууллагууддаа тодорхой хэмжээнд шаардлага тавьдаг.
Тухайлбал, гэрээт эмийн сангууд хөнгөлөлтийн жагсаалтад багтсан эмүүдийн 90-ээс дээш хувийн нөөцтэй байх ёстой. Ямар нэр, төрлийн эм тасарсныг иргэд мэдээлбэл шалгуулж өгч болно. Хил, гааль хаасантай холбоотойгоор тодорхой хэмжээнд асуудал гарч байгааг үгүйсгэхгүй” гэлээ. Салбарын яам болон холбогдох байгууллагынхан “Эм, тариа тасраагүй. Эмнэлгийн бусад төрлийн тусламж, үйлчилгээ огт доголдоогүй” гэсэн мэдэгдэл нь ийн нотлогдохгүй байгаа нь харамсалтай.