Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч хоригийг танилцуулж байна. Энэ үеэрээ УИХ-ын намрын чуулганаар өөрийнх нь өргөн мэдүүлсэн Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэлгүй хаах гэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, уг асуудлаар ээлжит бус чуулганыг зарлана гэлээ. Мөн тэрбээр өөртэй нь тэмцэх бус авлига, ядуурал, ажилгүйдэлтэй тэмц хэмээн чуулганы индрээс хэллээ.
Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм.
Хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзээд байгаа юм.