“Цалинтай ээж” хөтөлбөрийг VII сарын 1-нээс зогсоох санал гаргав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь … 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх …-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль …-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … хүйс …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Иймээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “… 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, …”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалтаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.