Хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч шиг Монголын хэвлийд байгаа алт эрдэнэс баялаг монголын ард түмний өмч мөн гээд Үндсэн хуульд цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод бид Оюутолгойгоос өгсүүлээд Ок гээд л олон улсын гэрээн дээр гарын үсэг зураад л байх юм. Бас хөрөнгө босголцох мөнгөгүй гээд шилээ мааждаг мөртлөө Швейцарын банк оффшор данс оймсондоо ч хамаагүй сая саяар нь аваачиж хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү манайхан.
Мөхөс миний бие монгол хар ухаанаар бодоход уг ОТ гэрээний утга агуулга нь Монгол хүн бол ямарч химийн хольцгүй төрсөн буйран дээрээ эхээс унасан шигээ унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчин байж миний элэг бөөр зүрх бөлдөгийг минь суг татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтэнээ сугалуусаныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна гэж харьцуулж ойлгоод байгаа, зөв үү. Гучин жил хамаг байдгаа суг татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямарч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.
Уг гэрээний учрыг гадарлах хэсэг нөхөд нийлээд өөрчлөнө хөөнө тууна гээд өрвөлзөн босч ирэхэд нөлөө бүхий нөхрийг маань Лондонд урьж аваачаад ВВС-ээр байцааж байцааж Хөөхгүй ээ гэсэн ам мөчгийг нь аваад авгайхан нь сайн үйлсийн санд сая саяыг хандивлалаа л гэхийм. Үгүй мөн өгөөмөр сэтгэлтэй сайн санаатай сайхан хүмүүс шүү энэ барууныхан.
Монголчууд бид ямар хүний юмнаас нэг ч зоос илүүчлэх санаа бодолгүй хүмүүс болохоор сайн хүмүүсийн өгсөн нэг ч цент гээгдэлгүйгээр олон олон элэг нэгтнүүдийн маань элэг бөөр зүрх гадаад дотоодод эмчлэгдэж эрүүл саруул болж тайлан тооцоо нь холбогдох газарт нь жин тан өгөгдсөн байж таараа.
Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс хоёрхон толгой нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг аль дээр аваад идээд дууссан гэхийм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.
Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэхийм, энэ нь эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ Бөмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад, 49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л адил шахуу юм сонсогдох юм.
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэхээр ЖДҮ сангаас их хурлын гишүүд маань яг тэгшхэн 950\950 саяар хувааж аваад тэгшхэн хариуцлага хүлээдэггүй үгүй мөн тэнгэрлэг тэгш эрх дархтай улс шүү манай монголчууд.
Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гадныхан гадныхан л гэх юм. Гадныхан яахав зайлвал зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх бизээ. Тэгээд Харвард Массачусетс Лондонгүй суралцаж дэлхийн хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн ташаандаа таблетаас өөр өмчгүй ч тархиндаа цэнэгтэй эх оронч фанат охид хөвгүүд тэнгэрийн од шиг олширч гадныханыг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагий маа гэдгийг ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ