Гэртээ хуурамч архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, борлуулж байсан иргэнийг цагдаагийнхан илрүүлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, эмэгтэй Э нь "АПУ" компанийн үйлдвэрлэдэг “Эдэн”, “Хараа”, “Экспорт” зэрэг архийг гэрийн нөхцөлд үйлдвэрлэдэг байсан аж. Тэрээр 2017 оноос хойш хоёр жил гаруйн хугацаанд хуурамчаар архи үйлдвэрлэхдээ иргэн Г, О нараас спирт болон архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт худалдан авч, гар дээрээс бусдад худалдаж байсан аж.
Мөн иргэн О нь 2016 оноос хойш гурван жилийн хугацаанд 8000 гаруй ширхэг архины онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг хуурамчаар үйлджээ. Тиймээс зөрчил гаргасан иргэн О, Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар таван сая 400 мянган төгрөгийн торгуул ногдуулсан байна.