Шадар сайдад С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэнг томилохоор МАН-ын удирдлагууд тохирчээ
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох гэнэтийн шийдвэрээ зарласнаас хойш шинээр байгуулагдах Засгийн газарт хэн, хэн орж ажиллах уу гэдэгт олон нийт анхаарал хандуулж, таамаг нэрс ч хөвөрч байна.
Тэгвэл Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар “тодроод” буй Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ойрын өдрүүдэд танхимаа эмхлэн байгуулах учиртай.
Өмнөх Засгийн газрын сайдуудаас тал хувь нь үлдэнэ гэх мэдээлэл байна. Огцрох сайдуудын жагсаалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар, Соёлын сайд С.Чулуун, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нар багтаж байгаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг үлдээхийг шаардан салбарын эмч, ажилтнууд нь жагсаал цуглаан хийсэн ч түүнийг шинэ Засгийн газарт үлдээхгүй нь. Учир нь эрүүл мэндийн салбарт гарсан алдаанаас үүдэж Засгийн газар танхимаараа огцрох шалтгаан болсон, мөн өөрөө хариуцлага хүлээн огцрох өргөдлөө өгсөн учраас сайдаар нь үлдээхгүй гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгджээ.
Шинэ засагт үргэлжлүүлэн ажиллах сайд нарт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар яригдаж байна.
Харин БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарыг үргэжлүүлэн ажиллуулах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Шадар сайдад УИХ-ын гишүүн Шадар сайдад С.Амарсайханыг, Эрүүл мэндийн сайдад УИХ-ын Ж.Чинбүрэнг томилохоор МАН-ын удирдлагууд тохирчээ.
Ямартай ч МАН-ын Бага хурлаас 100 хувийн саналаар дэмжигдэж, Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагаас хүлээн авч уулзана.
Дараа нь 14.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар хэлэлцэж, 16.00 цагийн орчимд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэж, батлах юм.