А.Амбасэлмаа: Халдварын хавьтал болсон зарим хүн олдохгүй байна
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэлийн дүүрэгт гарсан халдварын голомтуудыг танилцууллаа.
"Халдварын хавьтал болсон зарим хүн олдохгүй, хавьтал болчихоод утсаа авахгүй, хаана байгаа байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй зочид буудал болон бусад газруудаар явах асуудал гарч байна.
Сүүлийн үед хүнс, худалдааны байгууллагууд нээгдэж ард иргэд гадуур чөлөөтэй явж байгаа үед халдварт өртөх эрсдэл өндөр боллоо. Тиймээс шаардлагагүй үед гадуур явахгүй, амны хаалтаа зүүх, зай барих, олон хүн цугларсан хүн очихгүй байхад онцгой анхаарах шаардлагатай.
Том,том голомтууд үүсгэж, өргөжүүлсэн тандалт зохион байгуулна гэдэг нь тухайн голомтын цар хүрээг тогтоохын тулд ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн болон төрийн байгууллагын энэ үйл ажиллагааг дэмжиж байхыг иргэдээсээ хүсье.
Халдвар авсан, хавьтал болсноо хэлэхгүй санаатай, санамсаргүй явах асуудал их байгаа тул ард иргэд аль аль талдаа анхаарах шаардлагатайг дахин хэлье" гэжээ.
Мөн тэрбээр "Улаанбаатар хотод коронавируст халдварын голомт батлагдсан тохиолдол, ойрын хавьтал, ажлын газар гэсэн хавьтлаас илэрч байгаа хэдий ч хүрээ хязгаар тэлэгдсээр байгааг ард иргэд анхаарах хэрэгтэй.
Нийслэлийн дүүргүүдэд батлагдсан тохиолдлыг танилцуулъя:
- Баянгол дүүрэгт 158
- Баянзүрх дүүрэгт 425
- Сүхбаатар дүүрэгт 40
- Сонгинохайрхан дүүрэгт 76
- Хан-Уул дүүрэгт 53
- Чингэлтэй дүүрэгт 43 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрт батлагдсан тохиолдлын ойрын болон хоёр дахь хавьтал байна.