Дэлхийн нийт хүн амын 0.2%-ийг бүрдүүлдэг хэрнээ шинжлэх ухаан, бизнес гээд бүхий л салбарт манлайлагч байдаг, бас хамгийн олон Нобелийн шагналтнуудтай энэ үндэстний хүмүүжилд ээжүүд нь хамгийн чухал үүрэгтэй оролцдог ажээ.
Еврей ээжүүд хүүхдээ өсгөхдөө:
- Улаан шугам татах: Тэд хүүхдийнхээ өөрийн гэсэн орон зайг нь хүндэлдэг. Тэр орон зайд халдахгүйн тулд ээж хүүхэд хоёрын хэм хэмжээг зааглаж үл үзэгдэх улаан шугам татдаг. Өсч том болох тусам тэр орон зай улам том болдог гэдгийг тэд ойлгодог.
-Тэдэнтэй том хүн шиг харьц: Бидний дийлэнх нь хүүхэд өөрөө өөрийгөө бүтээж чадна гэж итгэдэг бол еврей ээжүүд хүүхэд бүр өөрийгөө бүтээх ёстой гэж үздэг. Еврей ээжүүд хүүхдийнхээ тусгаар байдлыг хүндлэн тэдэнтэй бие хүн шиг харьцдаг. Еврей ээжүүд үр хүүхдээ өөрсдөөр нь бодуулж, өөрсдөөр нь хорвоо ертөнцийг нээн таниулах гэж хичээдэг.
-Насанд нь тохирсон хариуцлага үүрүүл: Тэд хүүхдийнхээ асуудлын өмнүүр орж шийдэж, бэлэнчлэх сэтгэлгээ суулгадаггүй. Еврей 1 настай хүүхэд өөрөө хоолоо идэж сурсан байдаг. 9–12 настай хүүхэд тора судрыг бүрэг судалсан, бусдаас туслалцаа хүсч сурсан, өөрийн зорилгын төлөө хөдөлмөрлөх хичээх ёстойг ухаарсан, гэрийн ажлуудаа бие даан хийж сурсан, халаасны мөнгөө удирдаж сурсан байх ёстой байдаг. 16–18 насандаа еврей ёс заншил, өв соёлыг хадгалж үргэлжлүүлэх, хайр дурлал, карьерын талаар мэдлэгтэй төлөвлөгөөтэй болсон, шаргуу хөдөлмөрлөж сурсан, ямар нэг төрлийн ажил хийж орлого олж үзсэн байх, архи тамхи хорт зуршлуудаас эцэг эхийн шахалтаар бус өөрийн хүслээр татгалзахыг ухаарсан, банкны дансаа удирдаж хуримтлал үүсгэж сурсан байх ёстой байдаг.
Еврейчүүдийн дунд “эхийн тэнэг хайр” гэх ойлголт бий. Энэ нь хүүхдийнхээ өмнүүр орж бүхий л асуудлыг нь шийдэж, тэдэнд ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байх, улмаар өрсөлдөх чадварыг нь үгүй хийхийг хэлдэг. Хүмүүжлээс бусад бүхий л талбарт “хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайжирна” гэсэн дүрэмтэй байдаг. Ганцхан хүүхдийн хүмүүжилд л энэ дүрэм үйлчилдэггүй. Тунг нь тааруулах! Саруул ухаанаар зэвсэглээгүй сайхан сэтгэл сүйрэлд хөтөлдөг гэх үг бий.
"Цойлогсод" номноос, Д.Бүжинлхам