"Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай"
Хэнийг сайхан амьдарч байна гэх вэ?
Нөгөө хэн чинь ёстой сайн яваа шүү дээ. Тийм мундаг ажил хийдэг. Өнөө хэн бүр компани байгуулаад томорсон. Хэнийх нээрээ шинэ 570 авсан. Тэднийх гэрээрээ америкт аялж яваа.
Харьцуулах юм амьдралд ямар их юм бэ?
Хөвсгөл арай гэж яваад баяртай иртэл Европоор аялаад ирсэн найзынхаа ярианд дарагдана. Эвтэйхэн даавуун тэрлэг өмсөөд инээж явтал өөдөөс ховор ганган торгон дээлтэй нь гараад ирнэ.
Ямагт хэн нэгнээс дээгүүр ч нөгөө нэгээс нь доогуур явах нь гарцаагүй. Гэхдээ л хүмүүс харьцуулсаар, атаархсаар, илүүрхсээр, үл үзэгдэх зиндаа, зэрэг дэвд үнэнч амьдардаг.
Ямар нэг амжилт гаргаж өөдлөөгүй бол удаан уулзаагүй хүмүүстэйгээ таарах нүүргүй ч юм шиг. Уулзаад юу хэлэх билээ? Нөгөө л байрандаа байна гэсэн үг уруул давахгүй аятай.
Амьдралыг уралдаан гэж бодоод гүйсээр эргээд хартал бүхнийг ардаа хаясан мэт боловч барианд ирчихсэн байх.
Эсвэл уралдахаа болиод, хоцорсон ч хамаагүй, тайвуухан алхаж, салхи амьсгалж, уушгинд орох агаарын сайхныг мэдэрч, хоцорч үлдэхийг ялагдал гэж харахгүй байх.
Хэний ч хөл гар дээр гишгэлгүй, урагшилж л байвал надад ялалт мэт. Магадгүй тэнэг хүн байх. Гэхдээ амьдралын амтыг амандаа шоколад уусган хайлуулах мэт бүрэн мэдрэхийг л хүснэ.
Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай. Харин моддын ногоон өнгө, дээвэр дээрээс дэрхийн нисэх болжмор, тэнд хоржигнон урсах горхи, тэр уулын орой дээр суусан будангийн тухай яарамгүй хүүрнэлдье.
@jijighero