Баянзүрх дүүргийн 2-р хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол илэрсэн тул тус хэсэгт хөл хорио тогтоожээ
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-нд 12,848 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр 16 хүн Улаанбаатарт хотод бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас халдварын 9 тохиолдол илэрсэн. Батлагдсан тохиолдол өвчнийхөө нууц үед тухайн байранд очиж байсантайгаар холбоотойгоор дээрх 9 тохиолдол илэрсэн. Иймээс энэ хэсэгт голомтын тандалт илрүүлгийг хийж эхэлсэн. Гэр хорооллын 400 гаруй өрхийн 1,000 гаруй хүнд тандалт, шинжилгээг эхлээд явж байна.
Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүл түүнтэй хавьтал болсон ажлын газрын хүмүүсээс илэрсэн.
Улаанбаатарт 798 батлагдсан тохиолдол боллоо" гэв.
Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлснээр тус дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж гарчээ.
Энэ дагуу 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна. Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулах юм байна.