Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа
“Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг Эрэл” онлайн чуулганы үеэр менежментийн зөвлөх, бизнес аналист Т.Пүрэвхатан “Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа” илтгэл тавьсныг хүргэж байна.
Ковид-19 бизнест ямар өөрчлөлт, боломжуудыг авчирав
Ажилчид зайнаас ажиллах болсон бөгөөд бүр 100 хувь зайнаас ажиллаж байгаа байгууллагууд ч байна. Зарим компани ажилчиддаа компьютер авч өгч, гэрт нь ажиллуулж байна. Онлайн дэлгүүрүүдийн борлуулалт 50 хувь өссөн. Худалдаа эрхлэгчид захиалгаа онлайнаар, утсаар авч, хүргэж өгч байна. Хүргэлт, шуудангийн үйлчилгээний ачаалал нэмэгдлээ.
Дижитал шилжилтийн суурь тавигдсан. Инновацийн багц хууль, тоон гарын үсгийн хууль батлагдсан. E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд Дан, Хур гэх мэт системүүд бий болсон. Ингэснээр Монгол Улс төлбөр тооцооны системээ бүрэн шийдэж, дижитал суурь бүрдлээ. Онлайн бизнес хийхэд тулгараад байсан хоёр гол асуудал болох төлбөр тооцоо, хүргэлтийн асуудал бараг шийдэгдлээ. Цар тахлын нөлөөгөөр хүргэлтийн үйлчилгээ өргөжиж хэрэглэгчийн зан төлөвийг хүчээр өөрчилж байна. Үүнээс хойш онлайн худалдаа хийх, хүргүүлэх хэрэглэгчийн зан төлөв хадгалагдах нь тодорхой. Харин цар тахлын дараа энгийн амьдралын хэв маягт шилжиж, түгжрэл нэмэгдэх үед хүргэлтийн үйлчилгээг ямар байдлаар явуулах тал дээр энтрепренерүүд шийдэл гаргах хэрэгтэй байна.
Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт идэвхтэй шилжиж, дата дээр анализ хийдэг болсон. ebarimt аппликэйшн дээр QR уншуулаад, халдвартай хүн явж байвал түүний байршил дээр мөшгилт хийж байгаа нь дата анализ хийж эхэлж буйг харуулж байна. 119.mn, ebarimt, E-Mongolia зэрэг санаачилгууд гаргаж олон жил яригдаж ирсэн асуудлыг маш богино хугацаанд хэрэгжүүлж, цахим шилжилтийг хийж байна.
Цахим хурал, уулзалт явуулах хэрэгслүүд сайжирч, сонголтууд бий болж, суурь хэрэглээ үнэгүй болсон. Жишээ нь, Zoom гэхэд л эхний 40 минут үнэгүй ашиглах боломж олгож байна. Виртуал эвентүүд үнэгүй зохион байгуулагдаж, залуучууд өмнө нь оролцож чаддагүй байсан олон чухал уулзалтууддаа оролцох боломжтой боллоо. Өмнө нь ямар нэгэн хэлцэл, чухал уулзалтуудыг онлайнаар хийж болдоггүй юм шиг байсан бол өнөөдөр боломжтой гэдгийг бид ойлгож, мэдэрлээ. Ингээд харахаар цаг хугацаа, явдал чирэгдэл, томилолтын зардал зэргийг хэмнэх боломж гарч ирж байна.
Залуучуудад онлайн сургалт, сургалтын багцууд, номын сан, судалгаа, нийтлэлийн сангууд үнэгүй болж байна. Бүгд нийгмийн сүлжээнд байгаа учраас харилцааны боломж илүү өргөн хүрээтэй болж хувирлаа. Хүмүүс цахим хичээл, виртуал уулзалтуудад оролцож, зохион байгуулж сурч байна. Үүнийг дагаад ухаалаг, виртуал төхөөрөмжүүдийг ашиглах чадвараа нэмэгдүүлж байна.
Ковид-19-ийн үеийн энтрепренерүүдийн стратеги
Юун түрүүнд асуудлуудын суурь шалтгааныг шийдэж чадах санал, санаачилга гаргаад үүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Уг санал, санаачилгынхаа эзэн нь болж, нийгмийн сүлжээний харилцааг ашиглан, санаагаа хөдөлгөөнд оруулж, хөгжүүлэхийг зөвлөж байна.
Мөн ойрын үед байгууллагуудад хэрэгтэй болох ур чадваруудад өөрийгөө тултал нь хөгжүүлж, суралцах хэрэгтэй. Хөл хорионы үе бол өөрийгөө хөгжүүлэх боломж. Бид бүх зүйл маш өндөр тодорхой бус байдалд амьдарч байна. (Бүтээлч сэтгэлгээ, контент хөгжүүлэлт, судалгаа хийх, дүн шинжилгээ хийх, дижитал маркетинг, процесс оновчлол, энтерпрайзинг чадвар гэх мэт.)
Гэртээ амарч байна гээд чимээгүй алга болж болохгүй. Гол түншүүдтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Таньд орлого бий болгодог, гол хүмүүсээ судалж, харилцаа тогтоож, өөрийнхөө талаар танилцуулга өгөх гэх мэтээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал. Өнөө цаг үед хамтын ажиллагаа маш чухал болсон. Хамтын ажиллагаа нь тодорхой хэмжээнд техникээр явагддаг. Тиймээс баг байгуулах техникүүдэд суралцаж, туршиж үзэх хэрэгтэй. Бага нөөцөөр өндөр үр ашиг гаргая гэж байгаа бол хамтарч ажиллах нь чухал юм. Ганцаараа эхлээд амжилтад хүрээгүй байх нь энтрепренерүүдэд олонтаа тохиолдож байсан. Тиймээс чухал хүмүүсээ өөрийн багтаа оруулж ирэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтрах шаардлага үүсэж байна.
Бизнесээ дөнгөж эхлүүлсэн залуу энтрепренерүүдийн хувьд таны бизнес хямралд өртөж байгаа бол бизнесийн цохилт хаанаас ирж буйг тодорхойлоорой.
Бизнесийн “орц, процесс, гарц” гэсэн гурван хэсэг бий. Орц буюу танай бүтээгдэхүүн үйлчилгээг хийхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлт, хил гааль дээр үүссэн асуудлаас үүдэн хүндрэл үүсэж байна уу. Эсвэл үйлдвэрлэлийн процесс дээр, ажилтнууд гэртээ суух, шинэ ур чадвар олдохгүй байгаа зэргээс асуудал үүсэж байна уу. Мөн гарц тал дээр бараа, бүтээгдэхүүн борлогдохгүй, эсвэл хөрвөж чадахгүй байна уу гэх мэтээр хаана илүү цохилт авч буйг тодорхойлох нь чухал юм. Ганц цохилт, давхар цохилт эсвэл бүр бүгд дээр нь цохилт авч байна уу гэдгээ тодорхойлж, цохилтын хүчийг зөөлрүүлэх арга хэмжээг аваарай.
Гол харилцагчид, түншүүдтэйгээ харилцаа, холбоогоо хадгалж, мэдээллээ хуваалцах нь чухал. Өөрсдийнхөө нөхцөл байдлыг маш сайн тайлбарлаж, мэдээллээ хуваалцаж, мэргэжлийн холбоод руу хандаж, өөрсдийнхөө нөхцөл байдлыг илэрхийлж, санал хүсэлтээ гаргаж, оролцоотой байх хэрэгтэй. Тухайлбал, 2021 оны Монгол Улсын төсөвт 3 их наяд төгрөгийг барилга байгууламж, хатуу дэд бүтэц буюу эргээд мөнгө болж орж ирэхгүй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Үүнийг жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах, ажил хийж байгаа хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах шаардлагатай байгаа юм.
PWC байгууллагаас хямралыг удирдах зөвлөмж гаргасан;
- Санхүүгийн байдлаа үнэлэх. Хямралын үед хамгийн гол зүйл нь бэлэн мөнгө байдаг. Бэлэн мөнгөний урсгал тасарвал хүнд байдалд орох учраас нэгдүгээрт санхүүгийн байдлаа үнэлж, авлагаа маш сайн бүртгэж, авах хэрэгтэй. Мөн Ковид-19 цар тахлаас шалтгаалаад танай үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай халдвар хамгааллыг хангахад чиглэсэн зардлыг гаргаарай. Харин бусад тэвчиж болох зардлуудыг гаргахад санхүүгийн байдлаа үнэлэх хэрэгтэй.
- Бизнесийн тогтвортой байдлыг хангах. Бид өөрөө хүсэлгүйгээр хязгаарлалтад ороод бизнес зогсож байгаа учраас хөл хорионы дараа үйл ажиллагаагаа яаж хурдтай сэргээх вэ гэдэг дээр одооноос эрэл, хайгуул хийх хэрэгтэй. Ингэхдээ, ялангуяа салбарынхаа бусад байгууллагуудтай холбогдож мэдээлэл авч, одоо амжилттай явж байгаа салбарын үйлчилгээнүүдээс гэрээлээд авах ямар боломж байна гэдгийг олж, хайж байх нь зүйтэй.
- Оролцогч талуудтай тогтоосон харилцааг удирдах. Оролцогч талуудтай харилцаагаа идэвхтэй хэвээр байлгаж, өөрийгөө таниулж, ойлгуулах үйл ажиллагааг тогтмол хийх. Ялангуяа хөл хорионы үе бол өөрсдийн түүхийг бүтээх, компанийнхаа стори теллинг хийх гэх мэт ажлуудыг амжуулах чухал үе юм.
Цар тахлын дараах хэрэгцээ ба боломж
Ковид-19 цар тахлын дараа ганц, дангаар буюу шугаман загварын бизнес явахгүй. Харин платформ загварын буюу цаг хугацаа, зардлыг хэд дахин бууруулсан, зах зээлийг тэлсэн бизнес илүү цэцэглэнэ гэдгийг судлаачид хэлж байна.
Том, дунд, жижиг аль ч төрлийн ААН-үүдийн хувьд Ковид-19 цар тахлын дараах нөхцөл байдалд бэлдэх шаардлагатай болоно. Үүний тулд, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг судлах хэрэгтэй. Дижитал шилжилтийг хийх бүх шатны үйлчилгээ, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд туслах үйлчилгээ шаардагдана.
MMCG-ийн судалгаагаар, өнгөрсөн жил Монголын томоохон ААН-үүд 90 гаруй тэрбум төгрөгийг маркетингдээ төлөвлөснөөс 70 гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүний 25 хувийг influencer, youtuber-үүдэд өгчээ. Тиймээс контент маркетинг, youtuber, influencer-үүдэд энэ хэмжээний орон зай байна гэсэн үг юм.
Зайнаас ажиллах арга техник, арга зүйн зөвлөгөөнүүд үнэхээр хэрэгтэй байна. Одоо бүх байгууллагууд бизнесийн загвараа шинэчилж, өөрчилж байна. Хамтын ажиллагааг хийдэг холбогч шийдлүүд, зуучлагч агентууд, мэдлэг бүтээхэд хэрэглэдэг арга зүйн вокшопууд хэрэгтэй байна. Механик үйлдлүүдийг автоматжуулах шийдлүүдийг эрэлхийлнэ. Жишээ нь, нягтлан бодогчдод санхүүгийн баримтыг шивж оруулдаг эсвэл техникийн ажлууд, процессийг автоматжуулдаг хувилбарууд шаардлагатай болно. Мөн зайнаас үзүүлэх сэтгэл зүй, дасгалжуулалтын үйлчилгээ хэрэгтэй байна гэх мэт боломжууд гарч ирж байна.
Товчхондоо хямралын дараа улс орны эдийн засгийн чадавх үнэхээр өөрчлөгдсөн байна. Компаниудын бизнес загвар өөрчлөгдөнө. Дижитал шилжилт рүү эргэлт буцалтгүй орлоо. Бизнесийн шинэ салбар, шийдлүүд, шинэ лидерүүд гарч ирнэ. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ.
Энтрепренерүүдэд дотооддоо дэмжлэг авах боломжтой сувгууд
Жижиг дунд бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн хувьд өөрсдийн үйл ажиллагаа, бизнесийн онцлогт нийцүүлэн дараах байгууллагуудаас дэмжлэг авах боломжтой байна.
- ЖДҮ-ийг дэмжих төв, ЖДҮ-ийг дэмжих сан
- ШУТСан, тусгай сангууд
- Нийслэлийн шинжлэх ухаан, инновацийн газар, Улаанбаатар HUB инновац, идэвхжлийн төв
- Хөгжлийн шийдэл ТББ, ЖДҮ-ийг дэмжих, мэдлэг арга зүй олгох Бэст төсөл.
- Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), BIG төсөл
- Саяхан инновацлаг, дижитал, старт-апуудад зориулсан 100 мянган ам.долларын тэтгэлэг өгсөн.
- Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD)-аас ЖДҮ, ААН-үүдийг дэмжсэн, тэдний авч байгаа зөвлөх үйлчилгээг хөнгөлдөг, ялангуяа эмэгтэй захиралтай бол 70 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлдэг.
- Азийн хөгжлийн банк (ADB)-ны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэмэлт санхүүжилтйн хүрээнд хэрэгжих олон төслүүд байна.
- Хаанбанкны Жижиг дунд бизнесийн төв.
- Томоохон компаниуд, тухбайлбал, Оюу толгой ХХК-ийн Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаараа дамжуулж ханган нийлүүлэгч компаниудыг чадавхжуулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мобиком корпораци Monpay аппликэйшнээр дамжуулан, ЖДҮ, бизнесийнхэнд өөрсдийнхөө борлуулалт хийх онлайн платформыг нээж, өөрсдийнх нь олж хараагүй тэдний шинэ үйлчилгээг бий болгох чиглэлд старт-апуудын санаачилгыг дэмжинэ гэж мэдэгдсэн. АПУ компани нийгмийн хариуцлага, бизнесийн эко системийг дэмжих хүрээнд олон төслүүд хэрэгжүүлдэг.
Т.Сарангуа, business.mn