Л.Энх-Амгалан: Засгийн газар бүтэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөхгүй
МАН-ын Бага хурал дууслаа. Бага хурлын шийдвэрийн талаар УИХ-ын Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нар мэдээлэл өглөө.
МАН-ын Бага хурал нийт 360 гишүүнтэйгээс 340 цахимаар оролцжээ. Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнийг нийт гишүүдийн 99 хувь нь дэмжсэн байна. Хурлын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үндэслэлээ хэлжээ. Ингэхдээ "УИХ-д хоёр удаа сонгогдон ажилласан, ЗГХЭГ-ын даргаа 2 Засгийн газрын үед ажилласан. Алсын хараа 2050 бодлогын бичиг баримтыг нэг жилийн хугацаанд 1000 гаруй эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж батласан учир Ерөнхий сайдаар ажиллахад шаардлага хангасан хүн" хэмээн танилцуулсан байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхтэй болсон. Гэхдээ өмнөх Засгийн газар бүтэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт өмнөх Засгийн газрын зарим гишүүд улиран томилогдох юм байна. Харин хэн, хэнийг улираах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэлээ.