1. 1989 оноос өмнө
Миний бие гурван настайдаа солигддог тэмдэг шохоорхон айлын хүүхэдтэй ач тач үзэлцэж билээ. Солигддог тэмдэг бол багачуулын шохоорхлын тоглоом юм. Айл гэр болж тоглодог насны л шохоорхол доо. Нэг дор гурван өөр зураг гаргана. Гоё биз?!
Энийг түр орхиод цааш өгүүлэх нь:
Ноднин зуны сонгуулийн үеэр нэг зураг сошиал ертөнцөд хэсүүчлэв.
Тэр зургийг өнгөцөөр харахад жаахан улс төржсөн мэт харагдана. Гэвч “Үнэн юм үнэнээрээ сайхан”. “Тоо худлаа дальдаггүй”. “Өнгөлөвч гялтайна”. “Булавч бултайна” гээд түмэн асуултын таглаа, мянган бөглөөний хариулт болсон зураг даа. Бодитой юм аа.
Хамтарсан засгийн газар. Дангаараа засгийн газар. Аль намын үед эдийн засаг, аж байдал ямар байв? Хэн гэдэг Ерөнхий сайдын үе вэ? Тэр бүхэнд ганц зураг сайхан хариулна даа, харин ч нэг.
Бас болоогүй өөр бусад бодит олон асуултыг давхар давхар хариулна.
Сүүлийн 30 жилийн Монгол Улсын эдийн засгийн товч түүх ч болмооор зураг.Нүүр царайг марзан Шаравын зураг шиг нэг хавтгай дээр илэрхийлнэ. Энэ эвлүүлэг тохироог их л онч сэтгэдэг, мэргэн хүн хийжээ гэж боддог юм.
1990 оноос хойш 2000 оны хооронд Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал гээд найман Ерөнхий сайдын нүүр үзэв шив. Ингэж 1996-2000 онд Ерөнхий сайдыг ердийн солигддог тэмдэг шиг сольж болдог юм аа гэсэн жирийн жишиг нийгэмд хэвшив. 10 жилд найман Ерөнхий сайд. Бас тэр дунд түр орлогч Ням-Осорын Туяа 1999 оны 07.22- 07. 30 хооронд Ерөнхий сайдын үүргийг зургаан өдөр гүйцэтгэсэн юм. Ингэж Монгол Улс зургаа хоногийн эмэгтэй Ерөнхий сайдтай ч болж үзэж байв. Ингээд энэ 10 жилд солигддог тэмдэгний дүрс есөн нүүр үзүүлэв. Сүүлдээ бүр: “Ерөнхий сайдыг нэг л үзсэн нөхөр хэн билээ?!” гэж хүмүүс төөрөлдөх хэмжээнд очив.
Дундажлавал Ерөнхий сайдын засаглалын нас ердөө 1,1 жил болно.
2000 оноос өнөөг хүртэл 20 жилд Н.Энхбаяр, дахиад Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр хоёронтой (2007 оны 10 сар, 2008 оны 07 сар), Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх дахиад У.Хүрэлсүх. Дунд нь бас Д.Тэрбишдавга Н.Туяа шиг хавчуулагдан солигдоод авав.
Ингээд 30 жилд Ерөнхий сайдын гэсэн тодотголтой солигддог зураг 21, 22 болно. Энэ утгаараа нэг Ерөнхий сайдын засаглалын нас 1.3 жил юм.
Арай л олно уу. 30 жилд 21 зураг солигдоно.
Бүрэн эрхийн хугацаандаа бүтэн байсан нь П.Жасрай, Н.Энхбаяр хоёрхон.
Нэг намын засгийн газар. Бүтэн дөрвөн жил. Хийсэн бүтээснийг нь дээрх зураг хэлээд өгнө. Арай л нуруутай улс төрийн хүчин аж.
Ерөнхий сайд солигдох болгонд эдийн засаг доошоо хугарсан байгаа биз?! П.Жасрай, Н.Энхбаяр, Сү.Батболд нарын үед л хараа баясгах өсөлтийн цэгээ авч байсан байна.
Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын Засгийн газрыг орлцуулна аа, басхүү. Тэгэхгүй бол алдас болно. Үнэн юм үнэнээрээ сайхан.
Одоо харин Дэлхийн нийтэд тулгарсан давагдашгүй гэнэтийн хүчин зүйл эдийн засагт үлэмж нөлөөлж байгааг Та бид мэдэх хойно доо. Энэ нь ганц манайд ч биш бөмбөрцөгийн толгойны өвчин болсон коронавирус гэдэг гай юм.
Энэ гайг Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн хохирол багатай давахаас Монголын ирээдүйн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хамаарна.
Ингээд дээрх зурагтай дүйцүүлэн үечлэн доорх зурвасыг бичлээ.
2. 1989 он. 1990 оны эхэн.
Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг байлаа. Тэгэхэд Монгол Улсын Засгийн газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл гэдэг байв. СнЗ-ийн дарга нь Думаагийн Содном. 1984 оны намраас 1990 оны хавар хүртэл энэ албыг хашсан. Зургаа орчим жил тогтвортой хашжээ.
1990 оны гуравдугаар сард гарсан Ардчилсан хөдөлгөөн гарч Сүхбаатар жанжины талбай жагсагчдаар дүүрэв. Үүний үр дүнгээр Төр, засгийн дээд түвшинд бүтцийн огт шинэ өөрчлөлт болсон юм. Энийг одоо бид шилжилтийн үе гэж нэрлэдэг. Тэр үед Ерөнхий сайдаар Шаравын Гунгаадорж томилогдон ажилласан юм. 1990 оны гуравдугаар сарын 20-доос тухайн оны есөн сарын эх хүртэлх хугацаа тохионо. Улс орны эдийн засаг тонгойж эхэлж үлдсэн нөөцөөрөө мөлхөж эхэлж байлаа. Ер нь энэнээс өмнөхөн Дэлхийн эдийн засагт бүтэц, хувиарлалтын өөрчлөлт явагдаж эхэлсэн юм. Социалист лагерь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ-СЭВ оросоор. 1957-1993 онд байсан Европын эдийн засгийн нийгэмлэгтэй төс бүхий байгууллага.Х.Б) гэдэг байгууллагыг түшиглэн хоорондын мөнгө зээл, санхүү эдийн засаг, худалдаа, аж ахуйн харилцаагаа зохицуулж байв. Энэ нь тухайн гишүүн орон дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх зорилго бүхий байгуулллага байсан юм. Бас болоогүй шилжих рубль гээд өөрийн гэсэн “доллартай”. Үүнээ дагаад социалист чиг баримжааг барьсан орон болгон дотроо энэ байгууллагатай харилцах тусгайлсан яам хороотой байв. Манайд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо гэж яамнаас дангаараа том байгууллага байв шив. Энэ байгууллагад анхны Ерөнхийлөгч П.Очирбатаасаа авахуулаад Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Сү.Батболд, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр зэрэг хүмүүс ажилласан байгууллага байж. Энэ хүмүүс зах зээлийн эдийн засгийг гадарладаг фронтынхон байв. Энэ бүхнийг яагаад дэлгэрэнгүй бичив гэж асууна биз ээ. ЗХУ (энд Орос, Украин, Белорусь, Латви, Литв, Казахстан гээд өнөө 15 багтана) болон Польш, Чехословак, Унгар, Ардчилсан Герман, Румынь, Болгар, Монгол, Вьетнам, Куб гэсэн 10 улсын эдийн засгийн интеграцилал тасран унснаар тогтолцоогүй болсон. Бас ажиглагч санаархсан гишүүн гээд овоогоос Финлянд, Югослав орсон 10 орон нэмэгдэнэ. Гадаад зээл тусламж, экспорт, импорт гацав. Энэ байгууллагын үдэлтийн хурал Болгарт 1989 оны 12 дугаар сарын 25-нд болж СНЗ-ийн нэгдүгээр орлогч дарга П.Жарсай тэргүүтэй манай төлөөлөгчд оролцсон байдаг. Ингэж 1990-ээд оны бараа хангамж доголдсон болно. Улс төрийн хямрал, бараа бүтээгдхүүний уналт, экспорт, импортын дутагдлыг жагсаал цуглаан, ардчилалын үзэл санаа түр хангаж байв. Гэвч оюун санаа, сайхан үзэл суртлаас ходоод илүү хүчтэй хоржигнодог хямрал нийгмийн бүх түвшинд орон зайгаа хүчтэй эзлэв. Ер нь эдийн засгийн ойлгомжтой тогтолцоо (модель) муу ч байсан огт тогтолцоогүйгээс хамаагүй дээр юм.
Түрүүвч туранхай төр засагтай л үзэлцэцгээгээд л байв. Засгийн газар, Ерөнхий сайдууд солигдоно. Тэр нь 1990-2000 онд 1920,1930-аад оны ороо бусгаа цагийн Ерөнхий сайдуудыг санагдуулж байлаа. Дээр нь баруунд Засгийн газраа огцруулах нь хэвийн үзэгдэл гэдэг яриа сондгой сонсогдож эхлэв. Итали, Японд 2,3 сар болгоод огцруулчих нь. Түүнээс хойш Н. Энхбаяр л Ерөнхий сайдаар бүтэн дөрвөн жил суусан. Бусад нь дандаа өнцөгдөж байв. Засаг солигдох дайсан солигдож байгаа юм шиг лайсан эд гэдгийг одоо л бид мэдэрч байх шиг. Бидний багын солигддог тэмдэг шиг гоё эд яавч биш. Гарман дээр морио сольдоггүй гэдэг бас учиртай үг юм шүү.
За ингээд үндсэн сэдэв рүүгээ эргэн орьё.
3. 1990-1992 он
1990 оны есдүгээр сараас 1992 оны долоодугаар сар хүртэл анхны эвслийн Засгийн газар буй болов.
Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, эдийн засгийн блокоо хариуцсан тэргүүн шадар сайд Д.Ганболд, шадар сайд Д.Дорлигжав, Ч.Пүрэвдорж нар байлаа. Хандивлагч орнуудаас бадар барьж эхлэв. Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк гээд гадаад зээл тусламжинд дулдуйдах эдийн засагтай болох шат руу орлоо. Картын бараатай, элсэн чихэр ч нүдний гэм болж байв. Д.Бямбасүрэн Ерөнхий сайдын тэр үед хэлж байснаар ёстой нэг хөрсөн дээрээ бууцгаав. Д.Ганболд цочир эмчилгээ гэгч эдийн засгийн нэр томьоёог онцолж ус руу цөмийг нь түлхээд гарч сэлж чадах нь гарах байгалийн шалгаварыг нийгэм эдийн засгийн амьдралд тулгалаа. Засгийн амлалтууд хоосорч Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаа “Буурал Мянгуужин” гэж цоллож байв. Чихрийн манжин хүртэл тарих тухайгаас мөнхийн хөдөлгүүр хүртэл ярих хэмжээнд үлгэр зохиогдлоо. Ромбу гаригтай холбоо тогтоож нефть олох ч юм болов. Жаргалтхаан гэгч каратэчин хүнийг ЭЗХТЗ-ийн дайны хүн гарч ирсэн мэт төр, засгийн нөхөд дээдлэн хүндэлж байлаа. Шинэ түншлэгчид Монголын “хөрсөн дээрээ буусан” эдийн засагт 320 сая ам.долларын буцалтгүй тусламж оруулснаар эдийн засаг хэсэгтээ элгээрээ мөлхөн амь тээж байв. Инфляци туулдаа хүрч нэг дэлгүүрээс гараад нөгөө дэлгүүрт ороход үнэ нь өсчихсөн байдаг байв. Нийгмээрээ шоконд орж, аймга хотын төвүүд харанхуй гэрэлгүй цахилгаангүй болжээ. Улаанбаатар хотод хороолол хорооллоор нь гэрэл тасалж цахилгааны хувиарлалт хийж байв. П.Жасрай Ерөнхий сайд байхад инфляци 325 хувьтай байсан үед Засгийн газрыг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан. Бүх юм орвонгоороо эргэсэн Бямбасүрэн, Жасрай нарын Засаг солилцох үеийг нэрт сэтгүүлч агсан, алмааз хэмээх миний найз Цэрэнсономын Батбаярын тодорхойлсон нь одоо ч санаанд байна. “Тарааж хаясан эдийн засаг, ажиллахаа больсон үйлдвэрүүд, авдрандаа өрийн данснаас өөр юмгүй банк, хоолой дээрээ хутга тавьсан мэт улс орныг хүлээж авсан энэ улс төрч бүхнийг өөрийн явах ёстой гольдролд оруулж чадсан юм.Чухам яг энэ утгаар авч үзвэл Пунцагийн Жасрайн нэр Монгол Улсын түүхэнд мөнхрөн үлдэх нь лавтай” гэж тэмдэглэн үлдээсэн нь бий.Ер нь Монголд хоёр том намын эвслийн засаг амжилттай болж байсан түүхгүй. 1990, 2004, 2008, 2012. Сагсан бөмбөгтэй зүйрлэвэл хоёр нам нэг команд болж тэмцээнд оролцсон ч бөмбөг шүүрсэн тоглогч заавал өөрийнхөө намын хүнээр гоол оруулуулах гэж дамжуулааад харин ч гоол алдаад байдаг.
Энэ нь эцсийн дүндээ командын амжилтад муугаар нөлөөлдөг.
4. 1992-1996 он
1992 оны долдугаар сарын 20-ноос 1996 оны мөн долдугаар сарын 20 хүртэл П.Жасрай Ерөнхий сайд байв. Монгол орны хямралыг тогтворжуулж эхэлсэн Засгийн газар. Энэ үед Шадар сайдаар Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж нар ажиллаж байсан юм. Л.Энэбиш нь хотын аж ахуй сайн мэддэг, Ч.Пүрэвдорж эрчим хүч, дулаан цахилгаан нь нүүрс усаа сайн мэддэг мундаг аж ахуйн удирдагчид байсан юм. Түрүү Засгийн газрын шадар сайд Ганболд, Дорлигжав нар яам, аймаг хот бүү хэл аж ахуйн анхан шатны нэгж ч толгойлж байгаагүй.
Ардчиллаар жигүүрлэсэн, онол номын сурагтай л улс байсан байх.
Гэтэл 1993 онд Монгол Улсын төсөв алдагдалгүй болсон. Тэгсэн төдийгүй урсгал гадаад худалдаа анх удаа алдагдалгүй гарсан. Доллар гэдэг нүдний гэм болсон, хүмүүсиийн дундаж цалин 12-15 орчим доллар байхад таван сая долларын ашигтай гарсан байдаг.
1994 оноос эдийн засаг өсч эхэлсэн. 1995 онд мал сүрэг 1.8 саяар өсөөд ХАА-н бүтээгдэхүүн 20 хувиар нэмэгдсэн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 16.7 хувиар өссөн. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед элгээрээ хэвтсэн эдийн засаг энэ өвгөний үед ийм болж тогтворжсон юм. Гадаад худалдаанаас 126 сая ам.доллар олж байж ДНБ 3.6 хувиар өссөн үе байв. Хүн ам хоёр сая гаруй нь байв. Ерөнхийд нь нь дээрх зураг тухайн байдлыг хэлээд өгнө дөө. Эдийн засгаа (-9.3)-аас (+6.4) хүртэл нь өсгөж чадсан юм. Эдийн засгийг хасахаас нэмэх рүү оруулсан гавъяа.
Тухайн үед МАН-ыг тэргүүлж байсан Б.Даш-Ёндон Монгол Улсын нийгэм эдийн засгийг гольдролд нь оруулах эрхмийг олж харсан. Өнөөг бодвол алба тушаалын амбицгүй, жингийн туухай өргөж даах даахгүйгээ хүн эрэгцүүлдэг байжээ. Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны Ерөнхийлөгч байсан П.Жасрай Ерөнхий сайд болохоос хэд хэдэн удаа татгалзсан байдаг. Тэр үеийн хүмүүс өөр байсан юм аа. Нэрт сэтгүүлч, гавьяат Жа.Пүрэв гуай 1992 энэ цагаар надтай таарчихаад,
-Жасрай өвгөн Ерөнхий сайд болчихжээ гэв.
-Та яаж мэдэв. Гэтэл тэрээр,
-Би сая ордонд Жасрайтай зөрлөө. Нилээн хүнд бодол болчихсон явж байна. Бүр бодолд дарагдаад санаагаар унасан шинжтэй шүү. Хүчинд автаад Ерөнхий сайдыг аргагүй авахаар болжээ гэж билээ.
Тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэл зүй ийм л байжээ. Одоо бол сайд боллоо гээд нүүрэндээ гал бутруулаад гадаад энергээ дарж ядаад “шварценеггер” алхаагаагаар шударч явах вий. Зарим нь наанаа гяланцаг цаанаа паланцаг ажлаа хаших нь ч бүр энүүхэнд дээ.
5. 1996-2000 он.
Дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн он жилүүд. Гүйцэтгэх засаглалын хямрал гүйдэг туулайн үлгэр шиг хурдтай байсан он жилүүд. Импортын татвар тэглэгдэж үндэсний үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн он жилүүд. Монгол хүн 5-6-хан жилийн өмнө тарьж чаддаг байсан үр тариа, хүнснй ногоогоо тарьж чадахаа байв. Бараг хүний толгой шиг том том төмс, бугуй шиг лужир лужир лууван, лажир лажир байцааг урд хөршөөс татан авч иддэг байв.Тэр үед хийж байсан олон юм аа одоо л нэг юм эргэж хийж эхэлж байна. Жижиг дунд үйлдвэр гээд сэргээж эхэлж байна. Уг нь байснаа сайжруулаад явсан бол, технологи бүтцийн өөрчлөлтөд зөв оруулаад хадгалж чадсан сан бол... Азийн бар биш гэхэд бодит эдийн засаг ийм байхгүй л байх байсан болов уу. Нэг хүнд оногдох ДНБ хаяаны Казахстанаа байг гэхэд Белорусийн хэмжээнд байх биз?! Муу юм урсгалаараа бүтнэ гэгчээр Засгийн газрыг огцруулах хэвийн үзэгдэл, мэргэжлийн бус хүмүүс салбар удирдаж, меритократ зарчим алдагдаж, төрийн аппарат хямралдаа орсон ч жилүүд. Өнөө Италийн Засгийн газар, Японы Засгийн газар огцорч л байдаг ардчилсан зарчим хүчтэй явав. Ядаж байхад тэр үед Японы Засгийн газар 1992-2000 он хүртэл найман жилд Миязава, Хосокава, Хата ( Энэ нөхөр бүр 1994 онд бүр хэдхэн долоо хоногоор Ерөнхий сайдын албыг хашсныг хэлэх үү. Х.Б). Мураяма, Хасимото, Обути, Мори гэсэн долоон Ерөнхий сайдын нүүр үзлээ.
Энэ нөлөөлсөн үү?!
Эсвэл Японы парламент шиг Засгаа нудраад байвал Япон орон шиг болно гэж ануураагүй болтой билээ.
Өнөө Итали нь 1992-2000 оны найман жилд Амато, Чампи, Берлускони, Дини, Проди, Алема, Амато долоон Засгийн тэргүүнээ сольчхсон байдаг. Ядахад.
Эд бол шал тусдаа манайтай харьцуулашгүй орон нутаг юм. Японы Засгийн газрын шинэ тэргүүн ерөнхий явж байгаа бодлогынхоо нэг хувьд ч зарчмын өөрчлөлт хийж чаддаггүй гэнэ лээ. Манайх бол орвонгоор нь эргүүлээд үхрийг ямаагаар солиод эвэртэй юм чнь аль нь ч адилхан гээд туудаг газар. Бүр Ерөнхий сайд бүү хэл сумын дарга л суурингаа эргүүлчих алдана.
6. 2000-2004 он
МАН ялсан. Н.Энхбаярын Засгийн газар. Мянганы зам тавьж эхлүүлсэн. Жасрайн Засгийн газраас эхтэй аймаг хот, сумдыг өндөр хүчдэлтэй холбох төсөл төгсгөлдөө орсон. Зөвлөлтийн Их өрийг яаравчлан төлсөн гээд ярих, хэлэх юм бий.
7. 2004-2008 он
Холимог Засгийн газар. Бүр сүүлдээ парламентдаа 62-ын бүлэгтэй хүртэл болж зутгансан. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нар Засаг дамжуулан барьсан. “Таван төгөлдөршилт”-ийн эхлэл.
8. 2008-2012 он
МАН ялсан боловч яагаад ч юм хоёр том улс төрийн хүчин нийлж эвслийн стандарт бус Засгийн газар байгуулагдав. С.Баярын Засгийн газар. Таван төгөлдөршилт үргэлжилж үр тариагаа тарих болов. 2009 оны аравдугаар сарын 29-нөөс Сү.Батболдод Засгийн эрх шилжин ирэв. Тэрбээр МАН-ын дарга болов. Баяр эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Сү.Батболдын гурван жилд эдийн засаг түүхэнд хүрээгүй өсөлтийг үзсэн юм. Ажилгүйдэл 6.3 хувь болсон нь том амжилт байв. Монголчууд хавтгайдаа шахуу ажил эрхэлж байсан гэсэн үг. Энэ нь аз ч байсан, ажил ч байсан гэдгийг илтгэнэ. Эдийн засгийн өсөлт 17.3 хувь. Ганган гоё тоо. Дэлхийн чих дэлдийсэн. Хэрэв Сү.Батболдын Засгийн газрын энэ амжилтыг унагалаа унагалаа гэхэд ядаж 10 хувиас доош оруулчихгүй явсан бол бид хэн байх байв аа?! Сайн явбал нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Европын Холбооны захын нэг орны хэмжээнд мөн ч дөхөхгүй гэхэд, Казахстаныг л лав барих шахах байсан байх. Нэг хүнд оногдох ДНБ-ний тоо номиналаараа лав л 4000 орчим биш байх байсан. 10000 долларт дөхөж бичигддэг Казахстанд ойртож очих байсан болов уу гэж санааширмаар аа...
Ямартаа ч Сү.Батболд МАН-ын дарга, Ерөнхий сайд хийсэн гурван жилдээ хамгийн том түүхэнд үлдэх үр дүнг үзүүлсэн юм. Харамсалтай нь 2012 оны нэгдүгээр сарын 1-н буюу сонгууль болохоос зургаан сар гаруйн өмнө Ардчилсан намын эвсэл Засгийн газраа орхиж явсан байв. Энэ бол улс төрийн гэгдэх ойлгомжгүй нүүдэл байв. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг болов.
Бүр харамсалтай нь, Н.Алтанхуяг, Х.Баттулга болон АН-ын Засаг бүрдүүлж байсан сайд нар кабинетаа орхиж явсан нь муухай улс төр байв. Нийтлэг эрх ашгийн төлөө нэг өдөр ч уг нь чухал юм.
Сү.Батболдын Засгийн газрын дараанаас эдийн засгийн уналт эхэлсэн гэдгийг бидний тойруулж яриад байгаа зураг харуулна.
9.2012-2016 он.
Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар байсан. Ялангуяа, Сайханбилэгийн Засгийн газрын үеийн үйл явдал өнөөг болтол хэрүүлийн алим болж байгааг уншигч та харж байгаа. Н.Алтанхуяг багагүй ажил хийх гэж оролдсон ч нам болон төрийн өндөрлөгүүдийн хоорондын зөрчил тэмцэл амар заяа үзүүлээгүй гэж дүгнэх хүмүүс таардаг. Сайханбилэг Дубайн гэрээ үзгэлсэн, Эрдэнэтийн 49 хувийг парламентдаа мэдэгдээгүй дур мэдэн шийдсэн гээд хэрүүлийн алим олныг тарьсан бололтой. Өөрөө гадаадад цагаачлан буй. коронавирус ч түүнийг нааш нь авчирч чадахгүй байна.
10. 2016-2020 он
МАН үлэмж ялалт байгуулав. Намын дарга М.Энхболд байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед унаж байсан эдийн засаг эргэж сэхэж эхэлсэн. Тэглэх дөхөж байсан эдийн засаг 5,3 хувийн өсөлттэй гарч байж.
У.Хүрэлсүхийн Засгийн газар утаатай амжилттай тэмцсэн. Эдийн засгийн өсөлт 7,2 хувьд ч хүрсэн байна. Шударгуу байхыг тунхагласан. Нэгэнт өчигдөрхөн өрнөсөн олон үйл явц учраас би энд нуршиж наршиад юу хийх вэ. 2019 онд Коронавирус гэдэг барам мам гарч эдийн засгийн өсөлтийг Дэлхий нийтээр зогсоов. Энэ вирустай Монгол Улс муугүй тэмцсэн. Хоёр том хөрш вирусын голомт болчихоод байхад нэг ч хүний амь эрсдүүлээгүй. Дотооддоо халдвар үүсгээгүй байсан.
11. 2020 оноос хойш...
Коронавирусын хүчин зүйл эдийн засагт нөлөөлсөөр. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар зоримог У.Хүрэлсүхийн команд цаашид Засгийн газраа авч явж чадна гэдэг гол фактороор үлэмж ялалт байгуулсан гэж үздэг. Тэрээр эхлүүлсэн ажлаа гүйцээнэ гэдэгт олон түмний дийлэнх итгэж түүнд бараг тусгайлан итгэл хүлээлгэсэн гэж болно. Одоо зоримог шийдвэрийн он жилүүд коронавирусын үед болоод дараа Монгол Улсын эдийн засгийг хүлээж байна.
Хүрэлсүхэд хүлээлгэсэн итгэлийн хүлээлт эд дундаа явж байна. Коронавирусыг үлэмж бага хохиролтой давж, утааны асуудлыг бүрэн шийдэж, хямралыг даван туулсан Ерөнхий сайд болон үлдэх том хувь зохиол түүнийг хүлээж байна. Ардын Засгийн 100 жилийн ойтойгоо Ардын намын дарга амжилт дүүрэн золгох болтугай. Гарман дээр морь сольдоггүй. Хүрэлсүх хүлээлт нь барагдаагүй замын голд яваа Ерөнхий сайд. Тэрээр эхлүүлснээ хаяад зугтах хүн биш. “Дайн гэдэг хүсэх юм биш тулаад ирвэл зугтах юм биш” цэргийнхний хатуу зарчмыг мэддэг, баримталдаг хүн. Коронавирус гэдэг дайсныг тэр ялна гэдэгт итгэж байна. Энэ зовлонтой үед Дэлхийн 209 орны 173-т байх хэмжээнд улс орноо зовлон бэрхшээлээс зугтаалгаж чадаж байгаа. АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Их британи, Франц, Турк, Итал, Испани зэрэг Дэлхийн том гүрнүүдийн энэ гайд хөл алдаж байна. Тэдний дэргэд манай улс танагтай, бүр амжилттай энэ гайтай тэмцэж чадаж байна. Түүнд МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувиар хийж хэрэгжүүлэх ажил их ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин