2021 оны гуравдугаар сард УБ-Дархан чиглэлд дөрвөн эгнээ зам тавигдана
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны зээлээр энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд ирэх оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлэхээр хэмжилтийн ажлуудаа хийж байгаа тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээлэлээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавих аж. 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг 135.19 км нь хатуу хучилттай, 68.92 км-ийг нь цементээр бэхжүүлэн буталсан чулуун суурьтай болгон түр нээсэн юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Нийт замын 70 км орчим нь цементээр бэхжүүлсэн суурь байгаа бол мөн 70 орчим нь хуучин хучилттай замын нүхийг бөглөж, хөвөө хаяаг өргөтгөсөн байдлаар хөдөлгөөнийг нээсэн. 2021 оны гуравдугаар сарын 15-н буюу замын бүтэн байгуулалтын ажил эхлэх хүртэл эдгээр хэсгүүдэд тогтмол арчилгаа хийгдэж явна” гэв.