54 гишүүний үзэл санааны нэгдлийг Ч.Хүрэлбаатар "мөнгөгүй" гэх шалтгаанаар хазгаарлах нь зөв үү?
Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй 54 гишүүний санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. Хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй, агуулга, ач холбогдлыг нь бүрэн танилцуулаагүй байхад олон нийтийн сүлжээнд “Ганданд мөнгө өгөх гэж байна”, “Лам нарт мөнгө өгөх шаардлагагүй” гэх зэргээр бичицгээж байгаа юм.
Гэвч хуулийн төслийн гол агуулга нь ганданд мөнгө өгөх бус бурхны шашнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх уламжлалт боловсролыг дэмжих, түүх соёлын дурсгалаа хамгаалах юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн долоодугаар зүйлд “Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мөн есдүгээр зүйлд “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, “Төр сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалтууд бий. Үндсэн хуулийн энэхүү үзэл санааг хэрэгжүүлэхэд дээрх хуулийн төслийн агуулга ач холбогдол яв цав нийцэж байна.
1930-1940 оны хэлмэгдүүлэлтийн үед лам хуваргуудыг олноор нь хороосныг хүн бүр мэддэг. Харин энэ үед Монголын бурханы шашны өв соёл, сүм хийд, эд хөрөнгийг устгасан талаар төдийлөн сөхөж ярьдаггүй. Ямар хэмжээний хөрөнгө мөнгөөр үнэлэгдэх өв соёл устаж үгүй болсныг бүр ч дурсдаггүй. Харин УИХ-ын гишүүд энэ хохирлыг төрөөс нөхөн төлөх зохицуулалтыг хуулийн төсөлдөө тусгажээ.
Соёлын яамаар дамжуулан бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдэд жил бүрийн улсын төсвийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг олгох юм байна. Энэ санхүүжилтийг юунд зарцуулахыг ч нарийвчлан заажээ. Тодруулбал, хүүхэд залууст гүн ухааны мэдлэг олгох, бурхны шашны сүм хийдийн үйл ажиллагааг дэмжих, бурхны шашны биет болон биет бус соёлын өвийн судалгааг хөгжүүлэх, судар номыг сэргээх, шинээр бүтээхэд энэ нөхөн олговрыг зарцуулах юм байна. Түүнчлэн нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд зориулах тухай ч хуулийн төсөлд дурьджээ.
“Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй аймшигтай болж янз бүрийн гэмт хэргүүд гарах болсон нь иргэдийнхээ оюун санаа, сэтгэлийн боловсролыг хөгжүүлэхгүй орхигдуулсантай холбоотой” гэж эрдэмтэд үздэг. Харин уг хуулийн төсөл батлагдсанаар энэ чиглэлд хэрэгжүүлэх төрийн бодлого болно гэж хууль санаачлагчид үзжээ.
“Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй аймшигтай болж янз бүрийн гэмт хэргүүд гарах болсон нь иргэдийнхээ оюун санаа, сэтгэлийн боловсролыг хөгжүүлэхгүй орхигдуулсантай холбоотой” гэж эрдэмтэд үздэг. Харин уг хуулийн төсөл батлагдсанаар энэ чиглэлд хэрэгжүүлэх төрийн бодлого болно гэж хууль санаачлагчид үзжээ. Гэвч олон нийтийн сүлжээнд “Хүүхдүүдийнхээ эрдэм боловсролд мөнгө зарцуулахгүй байж ганданд мөнгө өгөх гэлээ” гэсэн шүүмжлэл хөвөрч байна.
Хүүхдэд сайн боловрол эзэмшүүлэх нь чухал ч хүнлэг, энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх нь түүнээс ч илүү чухал. Хуулийн төслийн ач холбогдол энд л оршиж байна. Харамсалтай нь, нийгмийг соён гэгээрүүлэх, Үндсэн хуульдаа заасанчлан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахад түлхэц болох энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэх асуудлынхаа дарааллаас хаслаа. Учир нь, Засгийн газар энэхүү төслийг дэмжээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдэгдэж, хэлэлцэхгүй байх горимын санал гаргасан юм.
Төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Нөхөн сонгууль зохион байгуулахад харамгүй мөнгө зарцуулдаг хэрнээ нийгмээ соён гэгээрүүлэх, өв соёлоо хамгаалахад мөнгө зарцуулахаас татгалзсан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд нэр хүндээ унагасан алхам боллоо. Одоогийн энэ бэрхшээл бол түр зуурын асуудал. Харин нийгмээ сайн сайхан болгох нь монголчуудын урт хугацааны зорилт байх учиртай. Даанч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг ухаарсангүй.
Гэхдээ хууль тогтоогчид бүгд Ч.Хүрэлбаатар сайд шиг хандахгүй нь ойлгомжтой учраас энэхүү хуулийн төсөл удахгүй УИХ-ын босгыг давах биз ээ. УИХ-ын 54 гишүүн гэдэг бол их хүч. Бас хуулийн төслийг дэмжиж гарын үсгээ зурсан гишүүдийн тооноос харвал тэд лав л буруу зүйлд нэгдээгүй нь ойлгомжтой.