УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог. Үүний дагуу Б.Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл гурав.
- 2002 онд ерөнхий боловсролын сургууль,
- 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль,
- 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна.
- 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер,
- 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал,
- 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал,
- 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм.
Хуралдаанаар Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.