Өмнөд Солонгос дахь гадаадын иргэд коронавирусын вакцинд үнэгүй хамрагдах боломжтой
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, " 2 сарын эхээр иргэдээ бүгдийг нь үнэгүй вакцинд хамруулж эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү вакцинжуулалтанд хамгийн түрүүнд 65-аас дээш насны ахмад болон тусгай үүргийн ажилчдыг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 19-49 насныхан оны 3 дахь хагас буюу 7-9 сарын үед вакцинд хамруулахаар тооцолж байгаа гэнэ.
Мөн вакцинжуулалтын зардлыг улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас гаргахаар болжээ.
Халдвараас урьдчилан сэргийлэх төвөөс 11 сар гэхэд бүх иргэдээ вакцинд хамруулж дуусгах зорилго тавьсан хэмээн мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Солонгосын засгийн газар Pfizer, Moderna, AstraZeneca, Janssen зэрэг вакциныг оруулж ирэхээр гэрээ хийсэн байна. Эдгээр вакцин нь хийлгэсний дараа 2-3 долоо хоногийн дараа дархлаа тогтож байгаа гэнэ.
Солонгос улсад амьдарч буй гадаад иргэдийн хувьд одоогийн байдлаар үнэгүй вакцинжуулалтанд хамрагдах тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа бөгөөд бусад орны жишээг дурьдан хэлэлцүүлэг хийсээр байгаа гэнэ. Жишээ нь Тайвань, Канад, Сингапур, Япон зэрэг орнууд гадаад иргэдээ үнэгүй вакцинжуулах хөтөлбөрт хамруулж байгаа тул Солонгос улсын засгийн газар аюулгүй байдал, эрсдэлээ тооцоолон гадаад иргэдээ ч үнэгүй вакцинд хамруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэнэ. Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалтай гадаад иргэд үнэгүй хамрагдаж магадгүй гэсэн таамаг байгаа ажээ.
Хэрвээ үнэгүй хамрагдаж чадахгүй тохиолдолд өөрсдөө төлбөрөө төлөн вакцинд хамрагдах боломжтой гэнэ.
Э.Нарангарав, mkor.mn