Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: Монголын нийт ард түмэн та бүхнээс уучлалт хүсэж байна
Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажилласан. Гэвч нийгмийн баялаг амьдралын явцад Засгийн газрын аливаа шийдвэр нь шийдвэрлэсэн асуудал, шийдлээсээ үл хамаарч тухайн шийдвэрийг гаргахад оролцсон хэн нэгнийг ёс зүйн алдаа гаргасан мэтээр ашиглагдаж болдогийг миний бие энэ өдрүүдэд өөр дээрээ мэдэрч сууна.
Манай Засгийн газрын шийдвэрт хамаарах нэг асуудал нь нийгмийн харилцааны урсгал дунд, бизнест байдаг зарчмаар явсаар эцэстээ миний хамаарал бүхий этгээдтэй шууд бусаар холбогдсон нь намайг ёс зүйн алдаа гаргасанд тооцон буруутгах үндэслэл болжээ.
Санаатай биш, эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжгүй хэрнээ, хожмоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнаа ёс зүйн алдаа гаргасан мэтээр буруутгаж болох эрсдэл нь төрийн өндөр дээд алба хашиж буй хэнд ч тохиолдож болохоор байна.
Иймд Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаарч ажиллаасай гэж бодож байна.
Улс оронд, аливаа нэгэн аж ахуйн нэгжид, хэн нэгэн иргэнд эдийн засгийн болон бусад хор хохирол учруулаагүй ч, нийгэмд маргаан мэтгэлцээний сэдэв болсондоо миний бие Монголын нийт ард түмэн, итгэл хүлээлгэсэн сонгогчид, хамтран зүтгэгчид, гэр бүл, төрөл төрөгсөд та бүхнээс уучлалт хүсэж байна.
Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Жаргалтулгын Эрдэнэбат /Жич: Өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголын ард түмэндээ хандав.