Цагаан сараар бөх барилдуулахыг бөхийн холбоо, бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна
-УЛСЫН ЗААН М.БАДАРЧ: УЛАМЖЛАЛАА ТАСАЛДУУЛАХГҮЙ САР ШИНИЙН БАРИЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ-
100 орчим аймгийн арслангууд нэмэгдээд ороод ирэхэд бусад цолтнуудын төлөөлөл оролцох боломжгүй болдог. Иймээс 2020 оны улсын наадам, намрын улиралд зохион байгуулагдсан барилдаануудад оролцсон бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг харгалзаж цол цолны төлөөллөөс оролцуулаад барилдуулж болно. Сумын заан, аймгийн начин, харцага, заан, арслан гээд цол цолтнуудаас сайн барилдсан бөхчүүдийг оролцуулах боломжтой.
-МҮБХ-оо, бөхчүүдийн зүгээс бол зохион байгуулахад ямар нэгэн асуудалгүй, УОК-оос чиглэл ирэхэд ажилдаа ороход бэлэн гэж ойлгож болох уу?
-Ер нь бол зохион байгуулах магадлал өндөр. Гэхдээ өвчин хаашаа ч эргэж болно. Ковид хавтгайраад хяналтаас гарвал заавал барилдаан хийнэ гээд байж болохгүй гэлээ. МҮБХ-ны зүгээс бусад улс орон цар тахалтай дасан зохицоод амьдарч байна. Манайх ч дасан зохицохоос өөр арга байхгүй. Халдвар хамгааллын дэглэм сахиж барилдаан зохион байгуулна гэх байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хэсэг хугацаанд нөхцөл байдлыг ажиглаж удахгүй албан ёсны мэдээллийг гаргах бололтой.
Бид энэ талаар бөхчүүдийн төлөөллийн байр суурийг сонслоо.
УЛСЫН ЗААН М.БАДАРЧ: УЛАМЖЛАЛАА ТАСЛАЛГҮЙ САР ШИНИЙН БАРИЛДААН ЯВУУЛАХ НЬ ЗӨВ
Архангай аймгийн харьяат улсын заан М.Бадарчаас тодруулга авлаа.
-саяхнаас сар шинийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гараад байна. МҮБХ-ны зүгээс ч нөхцөл байдлыг ажиглаж байгаад барилдаан зохион байгуулах боломжтой гэх байр суурийг илэрхийлж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.
-Би хувьдаа барилдахад бэлэн байна. Сар шинийн барилдааныг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан байна. Бид эртнээсээ л өвлийг өнтэй давсны баяраа хаврын тэргүүн сарын шинийн 1-нд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Өндөр ач холбогдол өгдөг энэ баяраараа бөхөө барилдуулж баярлаж цэнгэж ирсэн сайхан уламжлал бий. Үүнийг тасалдуулж боломгүй санагддаг юм. Ялангуяа хөл хорио тогтоосон, хүмүүс гэр гэртээ байгаа энэ цаг үед сар шинийн барилдааныг зохион байгуулбал монголчууд үзэх харах юмтай сайхан наадах байх. Зарим тохиолдолд үзэх харах юм хомс бухимдах үе гарч байгаа шүү дээ, манайханд. Бөхөө үзээд гэр гэртээ баярлавал их л сайхан биз дээ.
Хоёрдугаарт, дэлхийн бусад улс орон цар тахалтай дасан зохицоод явж байна. Спортын уралдаан тэмцээнээ хэвийн явуулж байна. Иргэд нь үзэх харах юмтай сайхан байх шиг. Манайх яагаад болохгүй гэж гэв.
УЛСЫН НАЧИН Б.ДАВАА-ОЧИР: ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД БАРИЛДМААР БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ХҮЛЭЭХ ВЭ
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очирын байр суурийг хүргэе.
-Сар шинийн барилдааныг зохион байгуулна гэх мэдээлэл гарлаа. Холбогдох газрууд ч судалгаа явуулж байгаа бололтой. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Дан ганц Цагаан сарын барилдаан гэлтгүй бөхчүүдээ шинжилгээнд хамруулаад заал танхимын барилдаанаа хэвийн явуулаасай гэж хүсч байна. Жил бүрийн энэ өдөр Шинэ Үндсэн хуулийн том барилдаан явагддаг байлаа шүү дээ.
Өнөөдөр (өчигдөр) барилдаан болсонгүй. Японд л гэхэд сумо барилдааныг 5000 үзэгчтэйгээр явуулж болоод л байна. Сая олон улсын жүдо бөхийн холбооноос их дуулга тэмцээн зохион байгуулж 60 гаруй орны тамирчид оролцож байна. Дээрх жишгийн дагуу л барилдаанаа явуулах нь зөв.
-Хөл хорионы үед бэлтгэл сургуулилт хэрхэн базааж байна вэ?
-Гэрийн нөхцөлд л базааж байна. Бөх барилдах чинь бидний ажил.
Хэдий болтол ингэж хорих юм бэ. Цаашид энэ өвчин хэдэн сар, жил үргэлжлэхийг бид мэдэхгүй. Бөх барилдана гэдэг залуу насны л ажил. Цаг хугацаа бидэнд асар үнэ цэнэтэй. Ирэх зун Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадам болно. Бөхчүүдийн замналд ховор тохиох боломж. Сар шинийн барилдаан зохион байгуулагдвал 100 жилийн ойн наадмын том сорил болно гэлээ. Энэ цагт барилдаж буй бөхчүүдийн олонх нь бусад орны жишгийг дагаж халдвар хамгааллын дэглэм баримтлаад барилдаануудыг зохион байгуулаад явах байр суурьтай байна.
АЙМГИЙН АРСЛАН П.ЭРХЭМЖАРГАЛ: ХАМТ БЭЛТГЭЛ БАЗААДАГ БӨХЧҮҮД МААНЬ САР ШИНИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалын байр суурийг хүргэж байна.
-Сар шинийн барилдаан зохион байгуулах асуудал яригдаж байна. та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Бүрэн дэмжиж байна. Хамт бэлтгэл сургуулилт базаадаг бөхчүүд маань ч үүнийг дэмжсэн байр суурьтай байгаа. Гаднын улс орнуудад бол спорт урлагийн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм сахиад хэвийн зохион байгуулаад явж байна. Манайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш барилдаан огт зохион байгуулагдсангүй.
Үүний ард зөвхөн бөхчүүд биш, бөх сонирхогч олон мянган хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Тэр дундаа Цагаан сарын барилдаан чинь уламжлал болж ирсэн зүйл. Үүнийг тасалдуулах хэр зохимжтой юм бол доо. Энэ сайхан уламжлалыг тасалдуулж хэрэггүй л санагдаж байна гэсэн юм.
БӨХИЙН ЗҮТГЭЛТЭН С.ДАРАМСҮРЭН: САР ШИНИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРЭЭР ХИЙХ ХЯЛБАРХАН АЖИЛ
Мөн бөхийн зүтгэлтнүүдийн төлөөллийн байр суурийг сонслоо. Энэ удаа бид иргэн С.Дарамсүрэнгээс тодруулга авсан юм.
-Сар шинийн барилдааныг халдвар хамгаалллын дэглэм сахиж зохион байгуулах ажил яригдаж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?
-Сар шинийн барилдааныг зохион байгуулах нь зөв. Нөхцөл байдал хамгийн хүнд байсан Итали улс өнөөдөр хөлбөмбөгийн лигийн тэмцээнээ хэвийн явуулж байна. Ийм байхад бид ковид гээд ухраад хойш суугаад байж болохгүй. Холбогдох албаны хүмүүс бол гар хөлийн үзүүрээр л хийх ажил шүү дээ. 128 бөхөөс шинжилгээ авч, цөөхөн хоног тусгаарлаад л барилдуулж болно. Нэг их зардал ч шаардахгүй дээ. Өдөрт 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авч байгаа тухайгаа өглөө бүр л зарладаг. 128 бөхөөс шинжилгээ аваад барилдуулахад болохгүй нь юу байх вэ дээ.
Сар шинийн барилдаан бол үндэсний хэмжээнд зохион байгуулдаг уламжлалт баяр. Орон даяар олон мянган хүн хүлээж байгаа. Сар шинийн үеэр аягүй бол хатуу хөл хорио тогтоож таарах байх. Гэр гэртээ байгаа хүмүүст үзэх харах юм хомс байна. Иймээс барилдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Битүүний өдөр бөхөө үзэж суух иргэд гарч орж гүйгээд алба хаагчдын ажилд хүндрэл учруулахгүй нь лавтай гэсэн юм.
УОК-оос өнгөрсөн зун баяр наадмыг хөдөө талд халдвар хамгааллын дэглэм баримталж аюулаас ангид өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. Монголчууд ч бөхөө үзэж, морио хараад сайхан баярласан. Дээрх жишээнээс харахад л манайхан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах туршлагатай нь анзаарагдаж байна.
Энэ удаад ч үзэх харах юмаар хомс, гэр гэртээ зурагтын өмнө суугаа үзэгчдэд зориулж чансаа өндөр бөхийн барилдаан зохион байгуулбал цар тахлын нөлөөгөөр бухимдуухан байгаа иргэддээ нэг орой ч болов сэтгэлийн цэнгэл эдлүүлэх юм даа.