“Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс хилийн чанадад байгаа иргэдээ үл хайхарч, зорчих эрхийг нь боогдуулж байна” хэмээн гадаадад гацсан монгол иргэд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ханджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх Дээд комиссарын газраас уг гомдлыг хүлээн авч, шийдвэрлүүлэх чиглэлээр судалж, холбогдох газруудад хандана хэмээн гомдол гаргагч талд мэйлээр мэдэгджээ.
Дээрх гомдлыг гаргасан иргэн энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Гэвч өнөөдөр зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс чөлөөтэй зорчиж, тусгаарлалтад орохгүйгээр тусгай үйлчилгээ авч байна. Гадаадад гацсан монгол иргэд 2020 оны хоёрдугаар сараас хойш буюу бүтэн жил орчмын хугацаанд Монгол Улсын Засгийн газарт хандсан боловч ямар ч тэд дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд өвчтэй, зовлонтой, ар гэрийн асуудалтай, ахмад настан, жирэмсэн эхчүүд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ хилийн гадна гацаасаар байна. Мөн удаа дараа төлөвлөгдсөн нислэгүүдийг гэнэт цуцалж, тасалбараа авч, явах бэлтгэлээ хангасан иргэдийг санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хүнд байдал оруулж байна. Бид ч бас гэртээ харих эрхтэй Монгол Улсын иргэд” гэж бичжээ.
Өнөөдрийн байдлаар гадаадаас эх орон руугаа буцах хүсэлтэй 6,787 иргэн байна. 2020 оны 11 дүгээр сард дотоодод халдвар тархсантай холбоотойгоор Улсын Онцгой комисс гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.
Өнгөрсөн хугацаанд Улсын Онцгой комисс 109 удаагийн нислэгээр 21 мянга орчим иргэнээ дэлхийн улс орнуудаас татан авсан бол авто зам болон явганаар авчирсан иргэдээ оролцуулбал 28 мянга гаруй хүн эх орондоо иржээ.