Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ
Он гарсаар эхний 10 хоногийн байдлаар манай улсын нийт экспорт 147.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.8 сая ам.доллар буюу 21.7%-аар буурчээ.
Тухайлбал,
- Нүүрс: 584.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 416.2 мян.тонн буюу 41.6 хувиар,
- Төмрийн хүдэр: 218.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 46.1 мян.тонн буюу 17.4 хувиар,
- Зэсийн баяжмал: 33.3 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 2.2 мян.тонн буюу 6.3 хувиар тус тус буурсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийт экспорт 118.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо буюу 2020.12.28-2021.01.03-ны өдрүүдийнхээс 24.7 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд харуулжээ.
Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрсөн долоо хоногт гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1,758-аар буюу 64.3%-иар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7%-иар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс,
Нүүрс:
- Гашуунсухайт боомтоор 1,684 машинаар гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1%-аар,
- Шивээхүрэн боомтоор 1,847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1,128 машин буюу 156.9%-аар,
- Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машин буюу 38.%-аар тус тус өсжээ. Харин бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.
Зэсийн баяжмал: Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортлогдсон байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1%-аар, вагоны тоо 22-оор буюу 13.8%-аар тус тус өссөн байна.
Төмрийн хүдэр: 1,891 вагоноор экспортлогдсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17.0%-аар буурсан үзүүлэлт юм.