Т.Энхтүвшин: Цар тахалтай холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил хором ч зогсоогүй
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хараат бус, бие даасан шүүхтэй болох зорилгод тулгуурлан 2020 онд Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэж байна. Миний хувьд дэмжиж байгаа. Шүүгч улс төрөөс ангид хараат бусаар бие даан шийдвэр гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр иргэдийн шударга шүүхээр үйлчлүүлэх эрх хэрэгжинэ. Мөн иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж шүүн таслах байгууллагын нэр хүнд өснө гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ үр дүнд хүрэхийн тулд мэдлэгтэй, шударга, зөв хүнийг сонгон шалгаруулж шүүгч болгох нь хамгийн чухал асуудал. Тиймээс шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах бүтэц болох Мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн зөв бүрэлдэхүүнтэй байгуулах тал дээр маш чухал өөрчлөлт оруулж өгснөөрөө энэ удаагийн хуулийн төсөл их хүлээлт дагуулж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг орон тооны болгож үр дүнтэй ажиллах нөхцөлөөр хангаж, шүүгч биш гишүүдийг нь хуульчдаас сонгон шалгаруулах замаар Улсын Их Хурлаас хэлэлцэн томилдог болж байгаа нь маш том дэвшил болж байна. Түүнчлэн эрх олгохын зэрэгцээ нөгөө талаар үүрэг, хариуцлага яригдах нь зүйн хэрэг. Иймд шүүгчид тавих шаардлагыг өндөржүүлж, хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж, шүүгчид хариуцлага тооцдог цорын ганц бүтэц болох Шүүхийн сахилгын хороог есөн гишүүнтэй байгуулах бөгөөд олонх нь шүүгч биш олон нийтийн төлөөлөл орж байгаа нь үр дүнтэй, бие даасан байдлаар ажиллах боломж нээгдэж байна. Энэ олонх болж буй шүүгч биш гишүүдэд тавих шаардлага оновчтой байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмж байна. Цаашлаад Сахилгын хорооны бүрэн эрхийг тодруулан шүүгчийн гаргасан зөрчил бүрт оногдох сахилгын шийтгэлийг маш тодорхой болгон мэргэшлийн алдаанаас нь ялгавартайгаар зааж өгсөн нь өөрөө шүүгчдийн эрхийг хамгаалсан сайн зохицуулалт болж өглөө. Мөн шүүгч нар дотроо бие биедээ нөлөөлдөг байдлыг хязгаарлаж өгснөөрөө хараат бусаар шийдвэр гаргах боломж олгогдлоо. Эцэст нь хэлэхэд, иргэдийн хүсэл бол шударга шүүхээр шүүлгэх явдал. Тиймээс хуулийн төсөл нь энэ бүх боломжийг бүрдүүлж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ шүүх сайн ажиллаад шийдвэрээ шударга гаргасан ч эргээд нөгөө шийдвэр нь биелэгдэж байж хүний эрх бүрэн хангагдана. Тиймээс одоо шүүхийн шийдвэр биелүүлэх тал дээрээ анхаарч ажиллах, тэр тусмаа Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн биелэгдэх боломжийг олгосон орчныг бүрдүүлж өгөх шаардлага тулгарч байна.
-Оны өмнөхөн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Ингэхдээ Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгохоор зохицуулсан. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Ийм зохицуулалт оруулснаар авлига буурах уу?
-Монгол Улсад төрийн эрх мэдэл Улсын их хурал, Засгийн газар, Шүүх гэсэн гурван байгууллагад хуваариладаг. Улсын их хурал хууль баталж Засгийн газар үүнийг нь хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг. Үүний дагуу хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, эргээд хуулийг хэрхэн биелүүлснээ Улсын их хурал болон ард түмэндээ тайлагнадаг. Энэ тогтолцоог харахад ойлгомжтой байна. Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталсан. Тэгвэл үүнийг Засгийн газар үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд доороо ажиллах бүтцээ зөв бүрдүүлж байж нэгдсэн нэг зорилго дор хамтран үр дүнтэй ажиллана. Тиймээс Авлигатай тэмцэх гол бүтэц болох Авлигатай тэмцэх газрын даргаа нэр дэвшүүлдэг болж байгаа нь өөрөө зарчмын хувьд зөв бүтэц рүүгээ шилжсэн гэж би үзэж байгаа. Дэд даргыг дарга нь нэр дэвшүүлж байгаа нь бас тухайн байгууллага дотроо нэгдмэл санаатай ажиллах том дэвшил болж өгсөн гэж миний хувьд үзэж байна.
-Таны сонгогдсон тойрог буюу Дорноговь аймагт коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн. Одоо нөхцөл байдал хэр байна. Мөн хилийн боомтуудад нөхцөл байдал хэр байгаа талаар танаас тодруулъя?
-Манай аймагт коронавируст халдварын тохиолдол 11 дүгээр сард бүртгэгдэж, өнгөрсөн хугацаанд нийт 32 тохиолдол бүртгэгдсэн. Нэмж тохиолдол бүртгэгдээгүй байна. Тиймээс эрүүл бүс гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн 32 хүнээс 31 нь эдгэрсэн. Ойрын хавьтлын 486, дам хавьтлын 2125 иргэнийг тандалт судалгаагаар илрүүлж, үзлэг шинжилгээнд 100 хувь хамруулан гэрийн тусгаарлалтад хянаж байна. Сэжигтэй болон ойрын хавьтлын тусгаарлалтад Замын-Үүд суманд таван иргэн байна. Одоогоор ажиглалтад байгаа иргэд зовиургүй байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн Хатанбулаг сумын Хангийн боомтод 14-21 хоногийн тусгаарлалтад 11 хүнийг хянаж байна. Аймгийн Онцгой комиссоос халдварт өвчинтэй тэмцэх бүхий л арга хэмжээг авч, алба хаагчид маань бусдын л адил өдөр шөнийг үл хамаарч, хийх ёстой үүргээ чадварлагаар гүйцэтгэж байна. Манай аймгийн хувьд хоёр хилийн боомттой. Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд түргэн шуурхай зохион байгуулалтад орж ажиллаад сурчихсан, байнгын бэлэн байдалд байдаг хүмүүс. Гамшиг, эрсдэлт арга хэмжээнд бэлэн байж чаддаг.
-Дорноговь аймаг ачаа тээврийн гол бүс нутаг. Экспортын ачаа эргэлт ямархуу байна. Оны өмнөхөн Замын-Үүдийн боомт дээр автомашины бөөгнөрөл үүсээд байсан шүү дээ?
-Энэ сарын 4-нд л гэхэд Замын-Үүд сумын хилийн авто замын боомтоор БНХАУ-руу 98 тээврийн хэрэгсэл гарч, 73 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Хилээр гарсан 98 тээврийн хэрэгслээс ачаагүй 84, малын гаралтай түүхий эд 10, нүүрс хоёр, чиргүүл 95, бусад хоёр байна. Харин орж ирсэн 73 тээврийн хэрэгслийн 46 нь ачаатай, импортын тав, нүүрс зургаа, чиргүүл 72, хүнс 16 орж ирсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын бараа хил дээр гацаж, бухимдал үүсгэсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон манай ажлын албанд асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт утас, бичиг, цахим гээд нэлээн олон хүсэлт ирсэн. Бид оны өмнө энэ асуудлаар Улсын Онцгой Комисс, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар уламжилсан. Хоёр тал аль аль талдаа жолооч нарыг 14 хоног тусгаарладаг байсантай холбогдуулан Эрээний талд бөөгнөрөл үүссэн байсан. Хоёр улсын Засгийн газраас дэглэмийг сулруулж аль нэг талдаа жолоочийг тусгаарладаг болсноор ачаа эргэлт нэмэгдэж хэвийн хэмжээнд явагдаж байгаа.
-Мөн хилээр нэвтрэхэд хахууль нэхээд байна гэх мэдээлэл сүүлийн үед их гарах боллоо. Замын-Үүд, Ханги боомтуудад ийм асуудал гарч байна уу?
-Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой Комисст иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ талаарх гомдол нэлээд ирсэн. Түүнийг нь хуулийн дагуу судлан шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн мэдээлэл өгсөн.
-Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд явж байна?
-“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах, сав резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэж байгаа юм. Мөн ажилчин, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий "Цогцолбор хот" байгуулагдана. Мөн эдийн засгийн тусгаар тогтнолоо дахин батлах эрчим хүчний бие даасан хөгжил бий болно.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон сорилт, бэрхшээлтэй Монгол Улсын Засгийн газар тулгарсан ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил нэг ч хором зогсолгүй хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Оны өмнө УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх “Жэй Эм Си” компаниин төлөөлөгчдийг Дорноговь аймаг руу явуулж ажлыг түргэвчлүүлэх талаар ярилцсаны дагуу энэ сарын 4-ний өдрөөс эхлэн манай аймагт ажиллаж байна. Үүнээс гадна орон нутгийн компаниудын үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор орон нутгийн компаниудаас оролцуулахаар болсон. Үүний үр дүнд төсөл маань төлөвлөлтийн үе шатнаас бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж, үйлдвэрийн дараа дараагийн технологийн барилга байгууламжуудыг барих ажлын суурь бэхжиж байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр улс орны эдийн засгийн үндсэн тулгуурын нэг болох нефть-химийн аж үйлдвэрийн суурь болж, иргэн бүрт үр өгөөжөө өгөх цаг үе алхам алхмаар ойртсоор байна.
Р.ХИШИГЖАРГАЛ