Хавхлагатай болон гараар хийсэн амны хаалт зүүхгүй байхыг анхаарууллаа
Эрүүл мэндийн яамны 16:00 цагийн мэдээллээр судлаач Л.Дэлгэрзул амны хаалтын хэрэглээ, сонголт болон анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өглөө.
Тэрбээр “Вирус буюу дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тараад буй коронавирус нь 0.1 мкм хэмжээтэй. Энэ нь элсний нэг ширхгээс 900 дахин бага гэсэн үг юм. Тиймээс агаар дээр хөвж буй хатуу болон шингэн биетүүдэд наалдах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээр байдаг PМ2.5 тоосонцор дээр коронавирус наалдах боломжтой гэсэн үг. Нэг PM2.5 тоосонцорт 250 ширхэг орчим РНХ агуулсан вирус наалдах боломжтой байдаг.
Шүлсний дуслууд дээр ч энэ хэмжээний вирус наалдаж, хүний бие рүү нэвтэрдэг бол хүний халдвар авах босго тун 200-500 ширхэг PHX вирус байдаг. Тиймээс бид амны хаалт зүүж заавал халдвараас хамгаалах хэрэгтэй” хэмээн хэллээ.
Өөрөөр хэлбэл, 200-500 ширхэг коронавирус агуулсан тоосонцор буюу 250 ширхэг РНХ агуулсан вирус тээсэн 2 ширхэг тоосонцор хүний биед нэвтэрвэл өвчлөх боломжтой гэсэн үг юм. "Одоогоор мэс заслын болон N95 амны хаалтууд түгээмэл байна. Хэрвээ та мэс заслын амны хаалтыг зүүж байгаад ханиаж найтаавал таны шүлс цацагдах хэмжээ 0.5 метр байдаг бол N95 амны хаалттай ханиавал шүлс 0.1-0.25 метр дотор цацагддаг. Харин хүн огт амны хаалтгүй байвал халдвар 1.5-6 метр хүртэлх зайд шүлсээр үсэрч дамжих боломжтой. АНУ-ын Өвчний хяналтын төвөөс гаргасан судалгаагаар мэс заслын болон N95 амны хаалтын хамгаалах чадварын талаар мэдээлжээ.
Тодруулбал, N95 амны хаалт нь мэс заслынхаа битүүмжлэл сайтай бөгөөд шүүлтүүрийн хувьд ч N95 амны хаалт нарийн ширхэглэлт тоосонцроос хамгаалах чадвар нь мэс заслын амны хаалтаас илүү гэсэн байна. Түүнээс гадна мэс заслын амны хаалтыг 2-3 цаг хэрэглээд зайлшгүй хаях шаардлагатай бол N95 амны хаалтыг өөрөө бохирлогдох, норох, гаднын шингэн цацагдах хүртэл хэрэглэж болдог юм. Мөн эрүүл мэндийн байгууллага зэрэг эрсдэлтэй орчинд ажиллаж буй хүмүүс аль болох боломжийнхоо хэрээр N95, N97, N100 зэрэг амны хаалтыг зүүхийг зөвлөж байна. Гэхдээ коронавирусийн халдвартай үед хавхлагатай амны хаалт зүүхгүй байхыг сануулж байна. Учир нь хавхлагатай N95 амны хаалтын хавхлагаар дамжиж вирус гадагшлах боломжтой.
Мөн том ширхэгт тоосонцор дээр наалдсан вирус 2 метрт хүрэхгүйгээр газарт унана. Харин бүр жижиг хэмжээтэй тоосонцор дээр вирус наалдсан бол агаарын хөдөлгөөнөөр тархдаг учир гараар хийсэн амны хаалтууд жижиг тоосонцроос хамгаалах боломжгүйг санах хэрэгтэй.
"Хэрэглэсэн амны хаалтаа нугалж, боогоод хогийн сав руу хийж байгаа нь маш буруу"
Хамгийн гол нь амны хаалт зүүх нь чухал ч зүүх хэрэглээ нь илүү чухал гэдгийг сануулъя.
Иймд,
- Амны хаалтын битүүмжлэлийг маш сайн хангах шаардлагатай,
- Амны хаалтын гадаргууд огтхон ч хүрч болохгүй,
- Амны хаалтыг 2-3 цаг зүүгээд солих,
- Хэрэглэсэн амны хаалтаа сэнжнээс нь барьж байгаа тагтай хогийн саванд шууд хаях ёстой.
Иргэдийн дунд маш буруу ойлголт байгаа нь хэрэглэсэн амны хаалтаа нугалж боогоод хогийн сав руу хийж байна.
Яг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу сэнжнээс нь барьж байгаад гадаргууд нь огтхон ч хүрэхгүйгээр тагтай хогийн сав руу шууд хийх нь зөв" хэмээн зөвлөлөө.