Хөвсгөл аймгийн Ханх сумд 6.8 магнитудын газар хөдлөлт болсонтой холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах мэдээллийг хүргэлээ.
“Монгол Улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга ашиглагдаж байна. Үүний 8,7 хувь нь 1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн норм гараагүй байхад баригдсан.
Нийслэлийн нийт барилгын 2,1 хувь буюу 3820 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй. Харин орон нутгийн нийт барилгын 16,6 хувь нь тэсвэргүй гэсэн судалгаа байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг барилгуудад 2006-2020 оны хооронд иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгийн тайланг холбогдох байгууллага болон яам, тамгын газрууд руу явуулсан.
Холбогдох байгууллагаас газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудыг буулгах, дахин төлөвлөх, бэхлэх ажлыг зохион байгуулж буй. Одоогийн байдлаар Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд дээрх ажлууд явагдаж байна.