Зэсийн үнэ өссөн ч роялти өндөр учраас уурхайд нөлөөлдөггүй
2021 он гарангуут зэсийн үнэ 7500 ам.долларт хүрлээ. Улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох үед буюу 2025 онд 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг таамаглал дэвшүүлээд байгаа. 2021 оны төсөвт зэсээс нэг их наяд 700 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөсөн.
Ингэхдээ ханшийг 7500 ам.доллараар тооцсон. Энэ тооцоогоор бол зэсийн экспортын орлого 15 хувиар өснө. Цар тахал намжсаны дараа 2023 онд манай эдийн засаг зургаан хувьтай байхаар байгаа.Үүнд зэсийн ханш нөлөөлнө. Түүнчлэн дэлхийн зэсийн 50 орчим хувийг дангаараа худалдан авдаг Хятад улс гангийн үйлдвэрлэлийг өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмэгдүүлэхээр таван жилийн төлөвлөгөөндөө тусгасан. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэл дэлхийд тэргүүлэх чиглэл болохоор байгаа энэ үед зэсийн хэрэглээ нэмэгдсээр байх нь тодорхой.
Харин энэхүү шар металлийн үнийн өсөлтийг угтуулж төрөөс зэсэнд анхаарлаа хандуулж богино, дунд, урт хугацаанд баримтлах талаар одоогоор бариад авах бодлого алга. Өнөөдөр Монгол Улсад цөөцийг нь тогтоосон 11 орддод 36.3 сая тонн зэс бий аж. Гэхдээ мэргэжлтнүүдийн тооцоолцсоор 90 орчим илрэлцэд хайгуул хийвэл 1.2 тэрбум тонн ч зэсийн нөөцтэй байх боломжтой гэдэг байна. Тэгэхээр хайгуулийн ажлыг эрчимжүүлэх нь эндээс харагдаж байна.
Нөгөөтэйгүүр, өсөлттэй байгаа энэ үед одоогоор оногдуулаад байгаа роялтид анхаарах асуудал байгааг салбарынхан шүүмжилдэг . Тухайлбал, зэсийн ханш 5000 ам.доллар байх үед роялти нь таван хувь авдаг. Гэтэл 5001 болж нэг центээр нэмэгдэхэд 11 хувийн роялти авна. Нийтдээ 16 хувийн роялти авдаг гэсэн үг.
Гэтэл бид зэсийн ханш өслөө хэмээн баярлаж байхад “Эрдэнэт үйлдвэр” 5000 ам.доллараас дээш битгий өсөөсэй гэдэг яриа байдаг. Учир нь 5000 ам.доллар байх үед нийт борлуулалтын орлогоос 250 ам.доллар төлнө. Тэгвэл одоо 7000 ам.доллар болсон тохиолдолд таван хувь дээр нэмэх нь 13 орчим хувь гэвэл 18 хувийн рояалти төлнө. Энэ нь тухайн аж ахуйн нэгж ашигтай, ашиггүй байхаас үл хамаарч нийт борлуулалтын орлогоос нь авдаг татвар. Энэ хуулийн үйлчлэл “Оюутолгой” компанид гэхэд л 30 жилийн хугацаатай мөрдөхөөр байдаг.Тэгэхээр энэхүү татварын тогтолцоо хууль эрх зүйн орчныг засварлах шаардлагатай болж байна. Дэлхийд ийм жишиг хаана ч байдаггүйг мэргэжилтнүүд онцолж байна. Ийм өндөр хэмжээний роялти төлж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалт татах боломж компаниуудад байддаггүй.
Зэсийн баяжмалын үйлдвэрээ эхлүүлсэй
2017 оноос эхлэлтэй Өмнөговийн Ханбогдод “Оюутолгой”-н ордын дэргэд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ажил одоо хэр нь зогсонги байдалтай байсаар байна. Уг нь энэ үйлдвэрийг барих ажлыг үргэлжлүүлсэн бол 2020 онд ашиглалтад оруулахаар байсан.
Хэрэв өнөөдөр зэсийн баяжмалийн нэг зэргийн ийм үйлвэртэй байсан бол цар тахлын энэ хүнд үед иргэдийнхээ халаасыг дүүрэн байлгаж эдийн засгийг аврах боломж тохироо нь бүрдэхээр байв. Ийм хэмжээний баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр нь байршлын хувьд түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, эрчим хүч дамжуулах зардал бага зэрэг давуу талыг харгалзан тогтож байсан билээ.
Түүнлэн Эрдэнэтийн “Цагаан суваргын” зэсийн баяжмалын үйлдвэрийг ковидоос шалтгаалан зогсоогоогүй бол хятад ажилчид нь орж ирэн хоёр жилийн дотор ашиглалтад оруулах боломж байсан талаар уул уурхайн магнатуудын онцолж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулснаар жилд нэг сая тонн зэс хайлуулан баяжуулж цэвэр катодын зэс гаргаж авах боломжтой ч хүхрийн хүчлийг саармагжуулах технологийг шийдэж чадахгүй байгаа нь үйлдвэр барих ажлыг гацаасаар байгаа юм байна.
Одоогоор байгальд ээлтэйгээр саармагжуулах гарц боломжийг судалсаар байгаа юм байна. Гэхдээ л энэ онд амжиж зэсийн баяжмалын үйлдвэрээ эхлүүлсэй хэмээн салбарынхан хүсч байна.
Экспортод нийлүүлэх металлуудын гэрээгээ ил тод болгох шаардлагатай
Манай экспортод гаргадаг бүтээгдэхүүний тухайлбал, зэс,нүүрсний гэрээ, үнийн бүрдэл ил тод байдаггүй. Ингэснээр тухайн металлын үнийн өсөлтийн зөрүүгээс хэдэн төгрөгийн ашиг төсөвт төвлөрөх нь тодорхой биш байдаг. Нөгөөтэйгүүр, ихэнхидээ үнийн хэлбэлзэлээс үл хамаарах урт хугацааны хэд жингийн гэрээ хийдэг учраас эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлт манайд нөлөөлөхгүй байх дүр зураг ажиглагддаг.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зэс 24 хувийн агууламжтай. Мөнгө тонн тутамд 70 гр байдаг. Үүнээс дээш цэвэр зэсийн үнийг олон улсын формулаар тогтдог аж. Түүнээс биш Лондонгийн металлийн бирж дээр манай зэсийн үнийг тогтоодоггүй. Хайлуулах, цэвэршүүлэх зардлыг олон улсад хэлж заншснаар худалдан авагчтай түүний түвшинг тохиролцох замаар гэрээ хийдэг байна. Дэлхийн хайлуулах үйлдвэрүүд зэс хайлах явцад 1-1.2 хувийг нь цэвэршүүлдэг юм байна. Манай “Эрдэнэт “ үйлдвэр баяжмал борлуулах гэрээгээ ийм маягаар хийдэг аж. 2020 онд ТC/RC-ийг 85 ам.доллараар /тн8.5 цент/ фунт түвшингээр тохирч гэрээлсэн байна.
Өөрөөр хэлбэл, хайлуулах, цэвэршүүлэх зардлаа өндөөр тохирчихсон ихээхэн алдагдалтай арилжаа хийдэг байна. Олон улсын зах зээлийн шинжээчдийн судалгаагаар тус үйлдвэр жилд ойролцоогоор 100 сая ам.доллар алддаг гэж эх сурвалж ярьж байна. Уг нь Эрдэнэт үйлдвэр баяжмалаа DAF-Эрээн-Монгол-Хятадын ижил нөхцөлөөр борлуулахдаа Япон, Хятадын порт,Тяньжинаас Эрээн хүртэл тээврийн зардалд 70-75 ам.доларыг хасч TC/RC-ыг тооцох ёстой. Манай бүх зэс урагшаа гарч байгаа учраас Хятадын гэрээ хийх сар, улирлын спот зэсийн хайлах, цэвэршүүлэх үнээр баяжмалаа борлуулах ихээхэн боломж байгааг мөн онцолж байна. Тиймээс гэрээний ил тод байдлыг нээлттэй байлгах нь чухал аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин