Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна
Дэлхий дахиныг хамарсан “COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр хөгжиж байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байна.
Гэвч нийт улс орон коронавирустэй дасан зохицох, цар тахлын халдварыг тодорхой хэмжээнд хязгаарлах чиглэлээр шамдан ажиллаж, “COVID-19” вирусийн эсрэг вакцин гаргаж авахын төлөө хичээж байгааг ДЭМБ сайшаан тэмдэглэж байгаа юм. Үүний үр дүнд дэлхийн эдийн засаг зарим талаар сэргэх хандлагатай байгааг олон улсын санхүү, судалгаа шинжилгээний байгууллагууд онцолж байна.
Түүний дотор Дэлхийн банкнаас гаргасан “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар бүс нутгийн нийт эдийн засаг 3.5 хувиар агших боловч гол тоглогч Хятадын эдийн засаг 7.9 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа аж.
Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засаг таваас доошгүй хувиар өсөхөөр өөдрөг төсөөлөл гаргажээ. Энэ өсөлтөд уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжил голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн таамаглаж байгаа юм. Манай улсын экспортын төдийгүй ДНБ-д уул уурхайн эрдэс баялаг, түүний дотор “хар алт” нүүрсний олборлолт, борлуулалт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхний хагаст 595 мянган тонн нүүрс экспортолсон байдаг. Жилийн турш 28.0 сая тонн нүүрс экспортолсон нь өөдрөгөөр төсөөлж төлөвлөж байсан 42 сая тоннтой харьцуулахад чамлалттай үзүүлэлт боловч цар тахлын улмаас зарим үед экспорт бүрэн зогсолт хийж, ихэнх хугацаанд хязгаарлагдмал байсантай харьцуулбал боломжийн тоо гэж харж болохоор байна.
Энэ оны хувьд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж эхэлснээс гадна гадаад нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай улсын экспортод сайнаар нөлөөлөх зарим нөхцөл бүрдэж байгааг шинжээчид хэлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд Австралийн коксжих нүүрсний ханш зургаадугаар сараас хойш огцом буурч, тонн тутамдаа 110 ам.доллар болсон нь тогтвортой хадгалагдаж байгаа хэдий ч гол түнш Хятадын Засгийн газраас тус улсын нүүрсний экспортод хориг тавьсан нь олборлолтод сөргөөр нөлөөлж эхэлжээ. Нөгөөтэйгүүр, Хятадаас бусад томоохон зах зээлийн эрэлт хараахан сэргэж чадаагүй байгаатай холбогдуулан Австралийн коксжих нүүрс олборлогчид зарим уурхайгаа хаах шийдэлд хүрсэн байна.
Тухайлбал, АНУ-Австралийн хамтарсан “Coronado Coal” компани нүүрсний олборлолтоо 19.7-20.2 сая тонноос даруй гурван саяар бууруулахаар шийдвэрлэсэн бол “South 32” “Peabody”, “AMCI”, “Stanmore coal”, компаниуд олборлолтоо танахаар болжээ. Дэлхийн нүүрсний зах зээлийн голлох тоглогч Хятадын Засгийн газар цаашид бага хүчин чадалтай, жижиг уурхайнуудаа хаах бодлого барьж эхэлсэн нь XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй муж, хэсгийн уурхайд төвлөрөх юм байна.
Гэхдээ томоохон уурхайнуудын хүчин чадлыг улам нэмэгдүүлж, техник технологийг сайжруулснаар үр ашгийг нэмэгдүүлж, нүүрсний нийт хэрэглээнийхээ 96 хувийг дотоодоосоо хангах төлөв харагдаж байгааг “Аргус медиа” мэдээллийн группээс мэдээлжээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос хийсэн мэдээллээр, нүүрсний нийт уурхайн тоог 5000-аас хэтрүүлэхгүй байх, ирэх оны эцэст 300 мянган тонноос бага хүчин чадалтай уурхайн тоог 800 болгож бууруулахаар тооцоолсон байна.
Үүнийг дагаад Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ эрс өссөнийг “My steel” мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн коксжих нүүрсний Хятад руу хийсэн экспорт өмнөх сартай нь харьцуулахад 53.7 хувиар буурсан бол Монголын нийлүүлэлт 120.3 хувиар өссөн байна. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун хэлэхдээ “Манай улсын хувьд нүүрсний үйлдвэрлэл эрчимтэй өсөж, эрчим хүчний биш коксжих нүүрсээ экспортолдог онцлогтой юм.
Монголын нүүрсний салбар өрсөлдөх чадвартайн дээр хойд Хятадын зах зээлээс Австралийн нүүрсийг шахаж чадна. Үүнд гагцхүү төмөр замын тээвэрлэлт чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж гурван жилийн өмнө таамаглаж байсан юм. Одоогоор Монгол Улсын төмөр замын гол магистраль сүлжээнд холбогдох Гашуунсухайт-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг энэ онд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Энэ замаар 50 сая хүртэл тонн нүүрс тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Тиймээс Монголын эдийн засагт нүүрсний олборлолт, экспортын оруулах хувь нэмэр илүү нэмэгдэх таатай боломж ойртсоор байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин