“Дээд шүүхийн Ерөнхий шүүгч чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид биш нийт шүүгчид гаргана”
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Шүүхийн багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шүүхийн хуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр Б.Энхбаяр нарын 13 гишүүн хуулийн төслийг өргөн барьсан байдаг.
Хуулийн төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулахаар тусгажээ. Мөн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгох зэрэг өөрчлөлтүүд багтсан байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд том реформ болно хэмээн хууль санаачлагчид үзэж буй. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Шүүхийн тухай хуулийг сөрөг хүчин улдан чангаасаар байгаад УИХ-аар орж ирлээ. Хэн яагаад чангаасныг мэдэж байгаа байх. Улсын дээд шүүхийн бүртгэлд хуульд байхгүй намын даргын гүйцэтгэгч өөрчлөлт оруулсан байна гээд АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байна лээ. Энэ мэт хууль бус үйл ажиллагаануу хэний нөлөөллөөр хийгдээд байдаг юм бэ гэдэг нь ойлгомжтой байх.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тухайлбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ гэх заалтуудыг ажлын хэсгээс оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
- Хуулийн төслийн 14.3-д шүүхийг эрүү, иргэн, захиргаа гэж төрөлжсөн байхаар зааж өгнө гэсэн ч ажлын хэсэг авсан байна. Төрлийг нь дээд шүүх тогтоох юм уу. Шүүх Засаг захиргааны нэгжээ дагаж байгуулагдаж байгаа. Шүүх хүний эрхийг хангадаг учраас иргэдтэй аль болох ойр байх ёстой. Тиймээс энэ хууль гарсны дараа анхан болон давж заалдах шатны шүүхийн одоо байгаа бүтэц нь өөрчлөгдөх үү?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- Энэ хуулиар сум, аймгийн шүүхүүдэд бүтцийн өөрчлөлт хийгдэхгүй. Дараа нь тусад нь УИХ-аар хэлэлцэж болно.
Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт:
-Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүд байгуулагдан ажиллаж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн тогтолцоонд шууд өөрчлөлт орохгүй. Харин УИХ-аар шүүхийн бүтцийг ярьж болно. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдгийг хадгалж явах нь иргэдэд маш чухал.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Шүүгч хараат бус байх нь асуудлын хамгийн чухал нь. Шүүгчид хөндлөнгийн нөлөөлөлд автахаас Шүүхийн ерөнхий зөвлөл хамгаалж ажиллана гэж ойлголоо. Яг яаж хамгаалах юм бэ. Ялангуяа улстөрчдөөс болон янз бүрийн бүлэглэлээс шүүгчийг яаж хамгаалах юм бэ, тодорхой заалтуудыг нь хэлж өгнө үү.
Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт:
-2013 оны Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиар нөлөөллийн мэдүүлэг гэдэг зохицуулалт орсон. Хөндлөнгийн этгээдүүд шүүгчид нөлөөлвөл ил гаргаж, үүний араас ШЕЗ явдаг байх зэрэг зохицуулалт байгаа хэдий ч үр дүнгээ өгөөгүй. Тиймээс төсөлд тодорхой оруулсан. Хэрэг маргаанаа шийдүүлсэн талуудын заргаа алдсан тал нь гомдоллох нь олонтой. Тэр дотроо эрх мэдэл, хөрөнгө чинээлэг, улс төрд, бизнест нөлөөлтэй бол тэр хэрээр шүүхэд нөлөөлөх гэдэг. Хэрэв ийм асуудал гарвал хуулийн төсөлд ШЕЗ зохиох арга хэмжээ авна гэж заасан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Шүүхийн тухай хуулийн ард юу явагдсан бэ гэдгийг хэлье. 2016 оноос АН арчаагүйдээ МАН-д ялагдсан.Үүнээс хойш МАН дураараа дургих болсон. Хууль тогтоох байгууллагын бүх эрх мэдэл цагаан байранд нь очсон. Гүйцэтгэх засаглалыг хянаж цагаан байран дээрээ мөн ярьж байна. Шүүхийн тухай хуулиар ШЕЗ Сахилгын хороонд хяналт тавих замаар шүүх эрх мэдлийг цагаан байран дээрээ аваачих гэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг мөн цагаан байрандаа авчирч, босоо тогтолцоотой болгосон. Орон нутгийн олон албан тушаалыг яамнаас нь шууд томилох босоо тогтолцоог бий болгосон. МАН-ын дарга У.Хүрэлсүх чөлөөт эдийн засаг байхгүй гэж амаараа хэлсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох, хорихх хуулийн төсөл оруулж ирэх гэж байна. Өнөөдөр МАН-ыг муулж ярьсан хүн бүхнийг өөрийнхөө харъяанд байдаг шүүхдээ аваачиж хорино. Ийм коммунизм байгуулах зам руу МАН гүн гүнзгий орлоо. Энэ байдалд Монголын ард түмэн дүгнэлт хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Өөлөх юм бол өндөг хүртэл өөтэй. Хаа хамаагүй олонх гэж шүүмжилмээргүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Хүний эрхийг хангахын тулд өөрчлөлт оруулж байгаа болохоос биш цагаан байранд зориулсан хууль биш. Хамар доорх хагархай бий гээд хаа хамаагүй юм ярьдгаа болих хэрэгтэй.
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт Цэцийн их суудлын хуралдаанд “очив”
Түүнчлэн өчигдрийн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийг сэргээн шалгах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж авсангүй. Одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хуулийн заалтыг хэлэлцэнэ. Хэрэв Цэцийн их суудлын хуралдаанаар дахин Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал хууль өөрөө шууд хүчингүй болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин