ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх "Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрчээ. Эдгээр аймгийн малчдад энэ сард багтаан өвс, тэжээл хүргэхээр болоод байна.
Тодруулбал, ирэх 7 хоногоос буюу 1 дүгээр сарын 11-нээс дээрх аймгийн малчид болон отроор яваа малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг ХХААХҮЯ бусад яам, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй аймгуудын 40 гаруй мянган малчин өрхөд Улсын нөөцөөс 3800 тонн өвсийг үнэ төлбөргүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлж олгохоор шийдвэрлэсэн юм.
Мөн Дэлхийн банкны "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс 5 сая ам.долларын тусламж үзүүлж буй. Эдгээрийг өвөлжилт хүндэрч буй дээр дурдсан 5 аймгийн малчдад энэ сард багтаан хүргэж туслах юм. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүх сум, Өмнөговь аймгийн зарим суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр аймаг нь зуд болох эрсдэлтэй бүсэд орж байна" гэлээ.