УОК: Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрвэл дахин хатуу хөл хорио тогтооно
Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Юунд үндэслэж хөл хориог таван хоногоор сунгаж байгаа вэ. Энэ хугацаанд халдварыг хумиж чадна гэж тооцоолж байна уу?
-Эрдэмтийн зөвлөл, холбогдох байгууллагуудаас хөл хориог 14 хоног үргэлжлүүлэх санал гаргасан. Бид голомт нь тодорхойгүй халдварыг хумих, нөгөө талаас иргэдээс тавьж байгаа санал бодлыг харгалзаж амаргүй ч гэсэн энэ шийдвэрийг гаргалаа. Гэхдээ байдал хэрхэн өрнөхийг тааварлах аргагүй учраас эргээд хөл хорионы хатуу дэглэмд шилжихийг үгүйсгэхгүй.
Тусгаарлагдаж байгаа газраас халдвар тархаж байна уу үгүй юу гэдэгт эцсийн дүгнэлт гараагүй байна. Тухайлбал, “Амар”, “Эрхэс” зочид буудлуудад иргэдээс гомдол ирсэн.
Дотоодын халдвар тархсанаас хойш тусгаарлах байруудад нэг бүрчлэн үнэлгээ өгсөн. Камерт хөдөлгөөн илрэхэд бичдэг, өрөө байрнаасаа гарч, орсон тохиолдолд сануулдаг дохиоллын системтэй болсон. Камерын бичлэгийг тагнуул, цагдаагийн байгууллага давхар хянадаг болсон.
Тухайн үед дадлагчигч эмч нар сорьц авахаар орохдоо хувцасаа солиогүй гэдэг иргэдээс ирсэн гомдол бий. Тусгаарлах байранд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад маш хатуу үүрэг даалгавар өгч байгаа. Алдаа гаргавал ажлаас хусна, солино гэдгийг сануулж байгаа.