Үндэсний эв нэгдлийн үлгэр жишээ байх ёстой ч эв түнжин тааруухан Элбэгээ Тулгаа Энхээ Сүхээ нарын хооронд ч эх орныхоо эв нэгдлийн төлөө эвлэрүүлэгч гүүр болж гүлдийж зогсох аавын охид хөвгүүд ард түмний дунд олон бий гэдгийг дараахь нэгэн амьдралын түүхээс уншаарай.
Хар багаасаа л цуг цэцэрлэгт явж сургууль сурч армид ч хамт алба хаасан унаган багын хоёр сайхан найзууд цэргээс ирээд хөрш зэргэлдээ 0.7 газар аван бие биенээ хамжин байж нэг нэг 4х6 хэмжээтэй палкан байшин барин эхнэр хүүхэд ч аван амьдралыг цэцэглүүлж эхэлжээ.
Харин цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх тутам хоёр найзууд ургасан ургацаараа, төрүүлсэн үрсээрээ, авсан авто трактораараа, сайжруулж томруулсан байшингаараа нэг л мэдэхэд аажим аажмаар өрсөлдөж эхэлсэн байлаа.
Сүүлдээ бие биенийхээрээ орж гарах нь битгий хэл мэндлэхээ ч больж, хүүхдүүдээ ч хооронд нь тоглож уулзахыг хориглож, бүр сүүлдээ нэг нь мэдлийн газрынхаа дундуур намхан хайс татахад, нөгөөх нь маргааш нь гүнзгий шуудуу татсан байлаа.
Гэсэн ч хоёр айлын юмны учир мэдэхгүй жоохон хүүхдүүд хайс даван шуудуу гатлан уулзаж тоглосоор л байв.
Yүнд уур нь хүрэх нэг нь талбайнхаа усыг шуудуу дундуур гүйлгэн тэдний тоглох замыг хаалаа гэсэн чинь тариа ногоо нь усаар дутагдаж тэр жил бараг ургац авсангүй. Харин нөгөө найзынх нь ургац нь халиурч, орлого нь бурзайж өдөр бүр харагдах шинэ байшин арвин ургац машин техник нь ярайгаад л.., бүүр харахаас дургүй хүрээд.., дахиад харахыг ч хүсмээргүй байх тул шуудууныхаа наагуур дахиад хоёр метр өндөр хана барихаар шийдэн хэдэн машин банз худалдаж аван нутгийн мужаан залууд захиалгаа өгчихөөд, өглөө хот хүрээ руу ажил төрөл хөөцөлдөхөөр яваад өгч.
Хоёр нөхрийн учир начрыг эртнээс гадарлах зөв сэтгэлт мужаан эр өгсөн бүх банзаар хэдэн метр өндөр хашаа барихын оронд хөлгүй гүнзгий шуудуун дээр нь маш сайхан гүүр бариад орхиж. Орой хоёр гэрийн эзэд уурлах гайхах зэрэгцэн хоёр талаасаа гүүрэн дээр ирэхэд мужаан маань гүүрны гол дунд дөлгөөн сайхан харцаар хоёр тийш инээмсэглэн тэр хоёрыг уулзуулахаар хоёр гараа тэдэн руу сунган зогсож байлаа.
Мань хоёр хөрш ч эхлээд мэл гайхсанаа аажим аажмаар бие биедээ ойртон нэг л мэдэхэд гүүрний голд гар гараа барин бие биеэ тас тэвэрсэн байлаа. Тэр хоёрыг ингэж байхыг харсан ар гэрийнхэн мөн л хоёр талаасаа аль хэдийн ирж ялангуяа эхнэр хүүхдүүд нь уулзалдан бөөн баяр хөөр болж байгааг харсан хоёр эрийн сэтгэл дэх атаа хорслын бул чулуу хоромхон зуур хайлж, ухаарал гэмшил инээд баясал тэдний зүрх сэтгэлийг дахин эзэмдэж, унаган багын найзууд насан туршдаа хэвээр үлджээ.
Хоёр эрийн хорсол заналын тэрхүү өндөр ханыг нурааж, атаа жөтөөны гаталж баршгүй тэр суваг шуудууг булж, эвдрэгч нөхдөө эвлэрүүлэгч гүүр болсон тэр сайхан зөв сэтгэлт мужаан эр шиг үргэлж байх юмсан монголчууд бид.
Хэрвээ миний бие хэзээ нэгэн цагт улс төрд орох юм бол эх орон ард түмнийхээ язгуур эрх ашиг эв нэгдлийн төлөө ичиж зовох юмгүй энэ эв түнжин тасраад байгаа энэ Элбэгээ Тулгаа Энхээ Сүхээ нарын хооронд ч эвлэрүүлэгч гүүр болж гүлдийж зогсоход бас бэлэн.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ