Тэтгэврийн зээлгүй ахмадуудад тавдугаар сард нэг сая төгрөг бэлнээр олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 он гарахад тэтгэврийн зээлтэй бүх иргэний зээлийг тэглэх санаачилгыг гаргаж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд Засгийн газар, УИХ-аас Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлтэй 420 гаруй мянган иргэний зургаан сая төгрөг хүртэлх зээлийг нэг удаа тэглэсэн.
Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэгвэл 2021 оны тавдугаар сардаа багтаж тэтгэврийни зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгоно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгджээ. Тэрээр "Хоёр жилийн өмнө Салхитын ордыг төрд буцаан авч, 420 гаруй мянган ахмадынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд тэтгэврийн зээлгүй ахмадууддаа нэг төгрөгийг 2021 оны тавдугаар сардаа багтаан бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна.
Зорилт амжилттай хэрэгжиж байна. Энэ бол баялгийнхаа өгөөжийг иргэддээ тэгш шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжсэн оны үйл хэрэг байсан" гэлээ. Эргэн сануулахад, тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэн байгаа бөгөөд тус бүр нэг төгрөг тараана гэвэл 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм.