Р.Энхбат: Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг
“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Засгийн газар салбарын яам нь Боловсролын багц хуулийн төсөлд өчнөөн санал авлаа, сууриар нь өөрчилнө, илүү шинэлэг өөр хууль гаргана гэцгээж байна. Яг энэ үед таны санаа бодлыг сонсмоор санагдаад зорьж ирлээ…?
-Сууриар нь өөрчилсөн юм надад лав харагдахгүй байна. Цахим асуулгад 56617 хүн оролцож өнөөдрийн байдлаар 24299 санал өгчихлөө гэсэн мэдээг танай сониноос харсан. Хууль өөрчилнө гэж баахан зардал гаргаж санал асуулга авдаг иймэрхүү арга маш олон жил үргэлжилж байгаа. Ажил хийсэн гэж харагдах гэсэн л нэг хэлбэр. Багш нараас санал аваад юу ч ирэхгүй. Өнөөдрийн багш нар дээрээс ирсэн үүргийг биелүүлээд сууж байгаа хагас цэрэгжилтийн байдалд орчихсон хүмүүс. Цалингаа нэмүүлье, эрт тэтгэвэрт гаръя гэх мэт өөрийгөө тойрсон л зүйл ярина уу гэхээс боловсролын агуулгын тухай яриа өрнөхгүй. Боловсролын агуулгын тухай ярьсан байлаа гэж өөдрөгөөр бодъё. Олон нийтээс санал авсан гэсэн тайлбар хийгээд өөрсдийнхөө бодлыг л хуульд хийдэг нь хэнд ч ил үнэн шүү дээ.
-Цахим эринд шилжиж байгаа учраас цахим боловсролд анхаарна энэ тэр гээд давгүй өнцгүүд олоод харчихсан яваа юм биш үү?
-Цахим сургалт бол жижиг асуудал. Үндэс нь юу юм бэ гэдгээс асуудлыг хөөж харах ёстой. Үндэс нь өөрчлөгдөөгүй тохиолдолд хичнээн гоё юм яриад нэмэргүй. Боловсролын хуулийг өөрчлөхөөс аргагүй болжээ, нийгэм ёс суртахууны доройтолд орчихож гэцгээж байна. Цагдаа хүчнийхэн олон аймшигтай хэргийг нийтэд мэдээлэхгүйгээр УИХ, Засгийн газарт хаалттай мэдээлэл маягаар дуулгадаг байх. Энийг нь сонссон улстөрчид нийгэм ёс суртахууны доройтолд орчихлоо гэж халаглацгааж байна л даа. Улстөрчдийн “Нийгэм ёс суртахууны доройтолд оржээ” гэж харах болсон хоёр дахь том шалтгаан нь өөрсөд рүү нь дайрах нийтийн хандлага. Цахим орчинд хамгийн том дайралтад өртдөг хэсэг улстөрчид гэдгийг чи надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.
-Улстөрчид цахим орчинд дайралтад өртдөг том хэсэг л дээ яалт ч үгүй. Хууль зүйн сайд хүртэл энэ хандлагад эмзэглэж хуульд өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн нь саяхны кейс. Тэд энэ бүхнийг ёс суртахууны доройтлоос боллоо гээд боловсролын хуульд анхаараад эхэлчихлээ гэж хэлэх гээд байна уу, та?
-Тэгж л харагдаад байна. Эцсийн эцэст ёс суртахууны асуудлыг шийдэх эхний алхам нь Ерөнхий боловсролын сургууль биш.
-Тэгээд хэнээс эхэлнэ гэж, бага балчраас нь эхлэх ёстой юм биш үү?
-Улстөрчид өөрсдөөсөө эхлэх ёстой. Загас толгойноосоо өтдөг гээд яривал өчнөөн юм тоочиж болно. Ерэн онд нийгэм өөрчлөгдөнгүүт яах учраа олохоо байчихсан тал бий. Улс орноо хэрхэн удирдах аргыг сайн мэдэхгүй хүмүүс баахан мэдэмхийрсэн. Зах зээлийг мөнгө, хүнийг зах зээл, мөнгө гээд харчихсан. Хүмүүс хоорондоо хүн ёсоор харилцах харилцаа алдагдсан л даа. Тухай нь би чамайг мөнгө гэж хардаг системийг өнгөрсөн жилүүдэд бүтээчихсэн. Ёс суртахуун гэгч оршин тогтнох бололцоогүй орчныг бий болгосон гэсэн үг. Германууд Үндсэн хуулийнхаа эхэнд бид ийм ёс суртахуунтай нийгэм байгуулна гэж бичиж байгаад өнөөхөө задлаад тайлбарлаж байхад манайх монгол хүний үнэт зүйл юу вэ гэдгийг тодорхойлоогүй мөртлөө ёс суртахууны тухай ярьсаар өнөөг хүрсэн.
-Үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооно гээд заачихсан шүү дээ, уг нь. Энэ үнэт зүйлийн эхлэл биш үү?
-Хүмүүнлэг, ардчилсан нийгэм ямар үнэт зүйлтэй юм, юуг үнэт зүйл болгох вэ, юуг эрхэмлэх вэ гэдэг хэмжүүр нь байхгүйд хамаг учир байгаа юм. Ийм хөрсөн дээр хүмүүжил ёс суртахууны тухай ярихаар ямар ч баримжаагүй болчихож байна л даа. Хүүхдийн хүмүүжлээр жишээлье. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ зориулахад бэлэн амьдардаг. Манай нийгэмд хүүхдийн хүмүүжлийн төлөө ямар их эрч хүч, хөрөнгө байна вэ. Гэтэл энэ бүх хүч хөрөнгө хүүхдийнхээ төлөө биш хүүхдийнхээ эсрэг зориулагдаад байна. Өнөөдөр амьдрал дээр хүүхдээ “алаад” хаячихсан хүн зөндөө бий. Гэхдээ дандаа сайхан юм бодож. Сургууль, төр ч сайхан юм бодож байгаа. Хэрвээ ямар нэгэн бодол төрж байгаа бол шүү дээ. Ганцхан үнэн бий, энэ бүхнийг сайхан сэтгэлээр хийж болдоггүй. Ер нь төрийн бодлого гэдэг чинь зарчим болохоос сайхан сэтгэл биш.
-Гэтэл улстөрчид нь ёс суртахууныг нь сайжруулаад зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийг олноор бий болговол улсаараа хөгжинө гэж хараад байна гэж үү?
-Яг тийм. Зөв сайхан сэтгэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх тусам нийгэм ёс суртахуунтай болно гэж байхгүй. Нийгэм ёс суртахуунтай болно гэдэг бол тэс өөр ойлголт. Нийгэм гэдэг үзэл баримтлал дээр тогтдог. Үзэл баримтлал маань түрүүн таны онцолсон хүмүүнлэг ардчилсан нийгэм.
-Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж яг юуг хэлээд байна гэдгээс бүх юм эхлэх нь ээ?
-Тэгнэ. Бид хүүхдийн хүмүүжил ёс суртахуун гэхээр ерөнхийдөө уламжлал ёс заншлаа сэргээгээд явчихвал болно гэж хараад байдаг. Хүмүүнлэг нийгэм гэдэг бол яг үүний эсрэг.
-Уламжлал ёс заншлын эсрэг гэж үү?
-Тийм. Та бодоод үз дээ, 100 жилийн өмнөх Монгол ямар байлаа? Бүр цаашлуулъя. 800 жилийн өмнөх Монгол ямар байсан билээ. Бид социализм муухай, түүнээс өмнөх нь ёс уламжлал гэх мэтээр ойлгож хардаг болчихсон. Чингисийн өмнө ба дараа ямар байлаа? Амьдрал үхэх үү, сэхэх үү гэдэг дээр л байсан. Тийм учраас бултаараа хүчтэй хааныг дагаж, сүр хүч нөөлөг дор нь амьдарч байсан. Хувь хүн гэж байгаагүй. Иргэд бол албатууд. Хувь хүн гэсэн тодотгол Чингис тэргүүтэй цөөхөн хүнд л хамаарч байсан байх. Тэгэхээр тийм нийгмийн ёс суртахуун, үнэт зүйлийг өнөөдөр эргээгээд цогцлооно гэж байх уу. Уламжлал ёс заншлыг эргэж сэргээнэ гэдэг шуудхан хэлэхэд бүдүүлэг хэрэг. Эргээд өнгөрсөн рүүгээ орно гэсэн үг. Гэтэл бид чинь урагшаа тэмүүлж байгаа улс биз дээ.
-Уламжлал ёс заншил, уламжлалт хүмүүжил гэж ярьдаг эрдэмтэн, судлаачдад таны энэ үг тэрсүү сонсогдох байх даа?
-Уламжлал ёс заншлаар хүүхдээ яаж хүмүүжүүлдэг тухай ямар эрдэмтний ямар ном байна вэ гээд хайхаар олддоггүй. Төв номын санд нь Алтангэрэл гэнэ үү, Сарангэрэл гэнэ үү баахан боодолтой номнууд бий. Заримыг нь нээж ч үзээгүй, тийм гоё, тийм ховор гэж номын сангийнх нь хүмүүс ярьж байх жишээний. Энэ бидний үнэлэмж. Мэддэг хүн үгүй, мэдэмхийрдэг хүн л зөндөө болчихсон. “Монголын нүүдэлчдийн тайлбар толь” гэж хийхэд оролцох чадвартай хүн олдоогүй. Арайхийж гурван боть гаргасан. Мундаг бол яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ. Би уламжлал ёс заншил руугаа дайраагүй. Урагшаа тэмүүлэх тухай л ярьж байна. Үүнийг өөр талаас нь тайлбарлая. Хүмүүнлэг гэж юу юм бэ гэдэг асуултад шинжлэх ухаанч хариулт хайя, хоёулаа. Хүмүүнлэг гэдэг ойлголт XVI, XVII дугаар зууны үед Европт гарсан чиг хандлага. Тэр үзэл юунаас улбаатай вэ гэхээр нэгдүгээрт шинжлэх ухаан үүсч бий болсонтой холбоотой. Хүн төрөлхтөн анх үлгэр домгийн ертөнцөөр амьдарч, хорвоо ертөнцийг үлгэр домгоор төсөөлж байсан. Дэлхий үүсэхээс эхлээд бүгдийг. Дөрвөн яст мэлхийн дээр дэлхий тогтдог, тэнгэр хилэгнэхээр бороо ордог гэх мэтээр бүх зүйлийг амилуулж төсөөлдөг байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ямар гоё фантаз вэ. Тийм цагт хүн төрөлхтөн амьтан, ургамлыг шүтдэг байж. Тодорхой хугацааны дараа ямар нэг хүнийг, бурханыг шүтдэг болсон.
-Хүн шүтнэ гэдэг нь…?
-Бодлыг, янз бүрийн сургаалыг шүтдэг болсныг хэлээд байна л даа. Будда, Христ гээд бүгд хүн шүү дээ. Бурхан бүхнийг бүтээсэн, хүн бурхнаар л зам мөрөө заалгах ёстой, энэ нас чинь зовлон, тийм учраас энэ насандаа чи буян хурааж байж дараагийн насандаа жаргана. Ингээд хэлчихээр хүмүүс зовоход бэлэн болчихож байгаа юм. Ингээд явж байтал Европт үүнийг худлаа гэдгийг нотоод эхэлсэн. Лютерээс эхлээд. Сүм хийдээр дамжина гэж юу байдаг юм, хүн бүр бурхантай шууд харьцах ёстой гэцгээгээд эхэлсэн л дээ. Би Чингисийг боддог юм. Бөөгөө хөнөөсөн нь үнэн бол үүнтэй их адилхан үзэгдэл болсон байх.
-Бөөгөөр дамжуулахгүй, би тэнгэртэй харьцана гээд үү?
-Тийм, тэгсэн байх. Хаа газар болдог л үйл явдал юм байна гэдгийг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. За тэгээд шинжлэх ухаан гарч ирэнгүүт Коперникоос эхлээд бурхан бүгдийг бүтээсэн дэлхийг нар тойрдог гэх үзлийг няцааж “Уучлаарай дэлхий нарыг тойрдог юм байна” гэчихсэн. Урьд цагийн бүх ойлголт худлаа гэдгийг шинжлэх ухаан нотлоод эхлэнгүүт шашныхан шинжлэх ухааны эсрэг дайрсан.
За тэгээд шинжлэх ухааны хөгжлийн зэрэгцээ арилжаа наймаа хөгжөөд ирэнгүүт хүмүүс мөнгөтэй болсон. Мөнгөтэй болох хэрээр пээдийнэ биз дээ, Европын өндөр хөгжилтэй орнууд чинь. Мөнгөөр эрх мэдэл худалдаж авч, бурхнаас хувь тавилантай хаад ноёдыг тоохоо больж эхэлсэн. Ингээд янз бүрийн хүмүүс янз бүрийн байдлаар “Бурхан бүгдийг залдаггүй юм байна, явж явж хүнийг бүх юмны төвд тавих ёстой, хүнээс хэмжээ хязгааргүй их чадвар гарна, ер нь хүн өөрөө бурханлаг” гэж харах болсон. Тийм учраас хүн бүрийг хөгжүүлэх замаар нийгмийг сайхан болгоно гэдгийг олоод харчихсан. Бурхан биш хүн төвтэй энэ хандлагыг л хуманизм гээд байгаа юм. Грек, Ромын үед үүсгэл нь бий болсон ч нэг хэсэгтээ тасраад дахиж цэцэглэсэн үзэл л дээ. Хүний хөгжил гэдэг асуудал чинь энэ байхгүй юу. Хүн хөгжүүлнэ гэдэг тоо бодуулж сургах асуудал огт биш. Чи өөр, би өөр хүн, онцлогт тохирсон арга замаар л хүнийг хөгжүүлэх ёстой.
-Хүнээ хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой гэсэн үг байх нь?
-Яг тийм. Япон улс гэхэд л япон хүнийг яаж хөгжүүлэх вэ гэдгээ олж хараад тэр замаараа яваа. Энэ чинь л үндэсний хөтөлбөр. Түүнээс биш монгол бичиг зааж, шагайгаар тоглуулаад шийддэг эд биш. Хүмүүнлэгийн тухай бидний ойлголт нинжин сайхан сэтгэл гэдгээс хэтрэхгүй байна л даа. Нинжин сайхан сэтгэлийг нэмэгдүүлсээр байгаад нийгэм ёс суртахуунтай болно гэж хэзээ ч байхгүй. Нинжин сайхан сэтгэлтнүүд өмнө нь ч байсан, өнөө ч өчнөөнөөрөө бий. Хүмүүс яагаад өнөөдөр ийм болчихсон юм бэ гэдэг асуултын хариулт уг нь маш тодорхой. Энэ нийгэмд муу аргаар амьдрахгүй бол болохгүй учраас л ийм болчихсон. Муу аргаар амьдрахгүй бол гуйлгачин болно. Тэгэхээр энэ бүхэн цэцэрлэг, сургуулиас болоод байна уу, дээрээс үүдэлтэй юу?
-Муу аргаар явахгүй бол амьдарч болохгүй тогтолцоог үүсгэчихсэн удирдагчдаас хамаг юм болж байна гэж үү?
-Ерөөсөө л тийм. Ерэн оноос хойш улс орноо авч явах орон зайд нийгмийн тухай ойлголтгүй, зөвхөн мөнгөөр, тоогоор бүхнийг хэмждэг хүмүүс гараад ирчихсэн. Өөрөөр хэлбэл, байгалийн ухааны хүмүүс гарч ирсэн. Нийгмийн ухааны ямар ч мэдлэггүй тоочид улсыг удирдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд цоо шинэ нийгмийг тоогоор хүлээгээд авчихсан. Боловсролыг өөрчлөх гэж байгаа бол хамгийн түрүүнд эх хэл байх ёстой. Эх хэл гэдэг нь монгол бичиг биш шүү, эх хэлээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг, эх хэлээрээ юм ойлгож чаддаг, ойлгосноо амьдралдаа хэрэглэх чадварыг хэлээд байгаа юм.
-Таны ярианы агуулгыг багцаалдахад уламжлал ёс заншил гэсэн хуучин юмнаасаа салаач, хүнийг хөгжүүлэх талаас нь хараач ээ л гээд байгаа юм байна. Бас герман, япон хүмүүс ялгаатай ч улс нь хүнээ шинжлэх ухаанчаар хөгжүүлж чаджээ гэж ойлголоо.
-Та зөв анзаарсан байна. Япон, герман хүн өөр л дөө. Европт хувь хүн талыг илүү чухалчлах хандлагатай бол Японд хамт олонч хандлагыг хамгийн түрүүнд тавьдаг. Гэхдээ цаагуураа нэг зүйл дээр нэгддэг. Хоёулаа ямар их хувь хүмүүс вэ. Хувь хүний хоёр өөр янз харагддаг. Нийлээд бужигнаад найгаад, сүрэглээд явдаг улс биш байна л даа. Миний нэг танил япон япончуудын онцлогийг хувь алба хоёрыг ялгаад сурчихсан гэж тодотгож байсан. Гэтэл манайд ямар билээ. Юу ч ярилаа гэсэн хувь, албаа ялгаддаггүй. Ямар нэгэн шүүмж өрнөхөд намайг л ингээд байна гэдэг. Ямар нэг асуудлыг дуртай үедээ хувийн, дургүй үедээ албаны асуудал болгочихдог.
-Хүмүүнлэг нийгэм гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан, гэтэл бид тэр мөн чанарыг нь ч олж хараагүй өнөөг хүрсэн гэхээр улсаараа нийгэмшээгүй яваа гэсэн үг үү?
-Нийгэмшээгүй. Их хурлын гишүүдийн ихэнх нь нийгэмшээгүйгээ ил тод харуулдаг шүү дээ. Цаагуураа зүгээр л нэг хувь хүн гэж харагдаад байдаг. Нийгмийг төлөөлж чадахгүй байна. Тийм учраас л ёс суртахуун хүмүүжил гээд ярихаараа “Би аав хүн учраас, би ээж хүн болохоор” гэж яриагаа эхлээд байна шүү дээ. Улстөрч гэдэг хүн олон нийтийн илэрхийлэл болж чадахгүй байгаа учраас Боловсролын багц хуулийн өөрчлөлт хэдэн хүний хувийн сэдлээр цуглуулсан санааны цуглуулга төдийхөн болчихоод байна. Уг нь нийгмийн асуудлыг цэгцлэх хууль болох ёстойг чи би, бид бүгдээрээ мэдэж байгаа.
-Одоо тэгээд бид яах ёстой вэ, илүү бодитой гарц шийдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Гарц гэдгийг чинь ажиллаж байж, маргаж байж бий болгодог болохоос энд тэндээс шуудхан олчихдог юм биш л дээ. Асуудлыг шийдэхээр асуудал ундарна, энэ тасрахгүй цикль. Нэг асуудлыг шийдээд нөгөө асуудал ургангуут дахиад хариу хайдаг. Энэ чинь л шийдэл. Гэтэл манайхан яг чам шиг бэлэн жор нэхээд байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх дээр аваад үзье. Бүх хүүхэд адилхан гэж үзэж байгаагаас ялгаагүй хэрэг шүү дээ. Гэтэл хүүхэд бүр өөр. Нэг жор таарахгүй. Хүн бүр өөр учраас би бүгдэд таарсан нэг жор гаргаж чадахгүй.
-Тэгвэл бүр энгийнчилье. Герман хүн цаг яг барьдаг энэ тэр гээд герман хүн гэсэн брэнд бий болчихсон байдаг. Тэд яагаад брэнд болчихов, хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу бол?
-Хамгийн түрүүнд хэлэнд нь байх шиг. Хэл нь маш конкретный. Аливааг маш нарийн тодорхой хэлдэг, ялангуяа шинжлэх ухааныг. Гэтэл манайхан ямар билээ. Би юу яагаад тэр тэгчихлээ гэх мэт хэдхэн үгээр ойлголцдог.
Хүмүүнлэг гэдэг үгийг тухай хоёулаа сая ярилаа шүү дээ. Хүмүүнлэг гэдэг үгийн үүсэл, үүх түүхийг харахгүй, зүгээр л хүн ёс нинжин сэтгэлийн тухай юм гээд багцаалдаж ойлгоод нинжин сэтгэлийг нэмэх тусам сайхан нийгэм бүтнэ гээд бодчихдог. Бид ийм л байгалийн баримжаатай улс. Байгалийн ухаанаар хандаж байгаа юм. Зүй нь бидний яриа байгалийн биш нийгмийн ухаанаар өрнөх учиртай. Байгалийн ухаан амархан бол нийгмийн ухаан тийм биш. Нийгэм гэдэг чинь их өөр, хийсвэр чанар. Ийм нарийн зүйлийг байгалийн ухаанаар сэтгээд хууль гаргаад байвал юу ч бүтэхгүй. Хэл нь тов тодорхой учраас герман хүн цаг барьдаг, юманд их нарийн ханддаг. Япончууд гэхэд л хүний юмыг өөриймшүүлж авдгаараа бахархдаг. Ямар бүтээлч юм бэ. Гэтэл бид бүх юмыг өөрсдөө үүсгэсэн гэдэг. Компьютер Монголоос үүссэн өртөө чинь л энэ байсан байхгүй юу гэцгээдэг. Хүнд хамгийн чухал зүйл бол одоо цаг. Энэ цаг үеэ хамгийн их үнэлэх ёстой шиг байгаа юм. Энэ цаг үеэ бүтээхийн тулд түүх хэрэгтэй, ирээдүй бас хэрэгтэй. Дан ганц түүх рүүгээ ороод халтираад байж болохгүй. Өнөө цагаа хаяад түүх рүүгээ орно гэдэг чинь өнөө цагтай ноцолдож чадахгүй, асуудлынхаа өмнө ирээд бууж өгч байна л гэсэн үг. Ихэнх хүн болно доо гэж сэтгэдэг. Нийгмийн амьдрал гэдэг чинь үүнээс өөр. Өнөө л бор гэртээ, өнөө л байгальдаа, бүх юм нүдэн дээр болж байсан үеийн хүмүүжлийг өнөөдөрт нааж болохгүй. Монгол хүн ийм тэнэг болчихсон юм уу.
-Өөрөөр хар гэж үү?
-Жинхэнээс нь хараач ээ л гээд байгаа юм.
-Германчуудын хүчирхэгжлийн том шалтгаан хэл гэхээр бид монгол хэлийг чухалчлах ёстой гэж ойлголоо…?
-Маш чухлаар тавих ёстой. Монгол хэлний хичээл дээр маш олон төрлийн мэдлэг олох боломжтой. Тооны хичээлээр тоогоо л бодно. Монгол хэлний хичээлээр нэгдүгээр ангиасаа эхлээд хорвоо ертөнцийг таних боломжтой. Гэтэл манай монгол хэл гоё бичих, зүйр цэцэн үг олныг мэдэх, оньсого таах, шүлэг урнаар унших гэх мэт хүрээнд л өрнөж байна.
-Та Боловсролын хууль дээр яг энэ санаагаа хэлээд явбал ойлгохоор л тодорхой асуудал байна даа. Жишээ нь, та салбарынхаа сайдад хандсан уу, энэ асуудлаар?
-Би үе үеийн Боловсролын сайд нарт хандсаар ирсэн. Ямар ч боловсролын сайдад надтай уулзах хүсэл байдаггүй.
-Шинэ сайд ч гэсэн үү?
-Түрүүчийн сайдын үед энэ хуулийн чимээ сонсогдсон юм. Нэг удаа хэлж үзсэн ч олигтой хариу сонсоогүй. Хувь хүний асуудал, зарчмын асуудал хоёроо ялгахгүй байна л даа. Яамаар дүүрэн ийм хүн бий. Шинэ сайд чинь энэ яаманд ажиллаж байсан хуучин хүн. Муу муухайгаа мэдэгдэхгүйгээр хуулийн цоорхой ашигладаг хүмүүс яам болгонд бий. Яамны үндсэн ажилтан болчихсон, сайд нараа янз бүрийн асуудлаас авардаг, янз бүрийн дүрэм журам хөтөлбөр бодлогын чанартай юмнуудыг хэл мэддэг ганц хоёр хүн нь хуулаад тавьчихдаг. Шинэ сайд маань ийм хүмүүсийн нэг. Би өчнөөн удаа бичиг явуулсан. Сайд болонгуут нь бүр “Хүчээ нэгтгэе” гэсэн бичигтэй тамга хийлгэж аваад бичиг явуулсан.
-Тэгээд хариу өгсөн үү?
-Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй агуулгатай ганц нэг бичиг ирээд таг болсон.
-Та Боловсролын багц хуулийн төсөлд санаа оноогоо албан ёсоор хэлэх үү?
-Бараг хэлээгүй нь дээр гэж бодож байгаа. Санаагаа хэлэхээр өөрсдийнхөө санаануудын өө, сэвийг дараад гаргачихдаг аргатай, тэд чинь.
-Буруу, алдаатай санаануудынхаа өөг дараад шууд уншчихад аятайхан ч юм шиг болгоод найруулчихдаг гэж үү?
-Ерөөсөө л тэгдэг. Үзэл бодлоо хэлнэ гэдэг өө сэвээ далдлахад нь тусалж, санаа шийдлүүдийг нь улам гоё болгож харагдуулахад дэм болохоос хэтрэхгүй байна л даа.
-Тэгвэл яг энэ нь ингээд болохгүй байна гэсэн шүүмжлэл санаа шийдлээсээ манай сонины уншигчидтай хуваалцаач?
-Ганц л юм хэлье. Өнөөдөр Монголын боловсрол, хүний, хүүхдийн хөгжлийн асуудал дээр ямар чиг хандлагаар явахаа эхлээд тодорхойлох ёстой. Уламжлал ёс заншлаар явах уу, эсвэл илүү шинжлэх ухаанчаар хандах уу гэдэг сонголтоо хийх учиртай. Уламжлал бол захиргаадалт маягтай зүйл. Ахмадын өмнөөс үг сөрж болохгүй гэдэг. Амьдралынхаа туршлагаар давамгайлж байна гэсэн үг. Амьдралын туршлага насны эрэмбээр дээшилнэ гэсэн логик цаана нь байна аа даа. Гэтэл мэдлэг гэж юм гараад ирсэн. Мэдлэг бол нас харгалзахгүй. 25 настай доктор малын тэжээлийг яаж хийх, малын үс ноосыг хэрхэн сайжруулахыг ямар ч туршлагатай өвгөнөөс илүү, шинжлэх ухааны үндэстэйгээр мэднэ. Хийж хэрэгжүүлж чадна. Эндээс уламжлал дээр суурилах уу, мэдлэгт дөрөөлөх үү гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Уламжлалаа дагана гэвэл угаасаа өөр концепци гарч ирнэ. Захиргаадалтаараа явна л гэсэн үг. Тэгвэл ардчилсан, хүмүүнлэг нийгэм гэдгээ авч хаях хэрэгтэй. Үүнийгээ шийдэхгүй бол гарц хэлэх аргагүй шүү дээ. Шийдчихвэл гарц шийдэл гэх мэтээр дараагийн яриандаа ороход асуудалгүй. Би уг нь У.Хүрэлсүхийн үед боловсрол зөв хандлагаа олох байх гэж горьдож байсан юм. Гэтэл өнөөдөр үгийг нь сонсохоор аавын яриа яриад суух юм.
-Би хөвгүүдтэй хүн гээд үү?
-Харин тийм. Гэтэл өнөөдөр ийм яриа хоцрогдчихсон. Өнөөдөр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ярих ямар ч ач холбогдолгүй болчихлоо. Хүүхдийн хүмүүжил юунаас хамаарч байна гэхээр юуны түрүүнд нарийн мэргэшсэн хэл үгээр ярих ёстой. Би эцэг эхэд буруу өгч чадахгүй. Хүүхдийнхээ төлөө хамгаа зориулж байгаа хүмүүсийг яаж муулах юм. Тэд яаж хүмүүжүүлэх аргаа л мэдэхгүй байна. Багш нар ч ялгаагүй, буруутгах аргагүй хүмүүс. Сургуульд нь хүмүүнлэг гэж юу юм гэдгийг зааж өгөхгүй байна шүүү дээ. Хүмүүнлэг гэдэг чинь сайхан сэтгэл гэж хөндлөнтөөд байж таарахгүй. Сэтгэлийн сайхнаар нийгмийг байгуулахгүй. Нийгэм гэдэг чинь маш том ажил, маш том зарчим.
-Таны ярианаас анзаарахад Боловсролын хуульд уг сууриар нь ингэж хандах хүн олдох болов уу даа, яг одоо ярьж суугаагаа л сайжруулж гаргана гээд зүтгэх байх. Ингэхэд танд ямар нэг найдлага байна уу?
-Одоо У.Хүрэлсүх л хүсвэл зөвөөр эргүүлж чадна. Өөр ямар ч гарц харагдахгүй байна.