"Эрдэнэс Монгол"-ын дэд захирлуудыг томиллоо
"Эрдэнэс Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, гурван дэд захирлын томилгоог баталсан байна.
Засгийн газраас дээрх албан тушаалд Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарын гурван хүнийг томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах журмын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан талаар хариу өгснөөр уг томилгоог хийжээ.
АТГ-аас Л.Энхболдын тухайд хоёр утгатай хариу өгсөн аж. Тодруулбал, түүний ХАСУМ-ийг хянаад "Л.Энхболдыг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа" гэсэн агуулга бүхий албан бичгийг "Эрдэнэс Монгол"-д илгээсэн байна. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан өнөөдрийг хүртэл АТГ-т шалгуулж буй.
Ийнхүү "Эрдэнэс Монгол"-ын гурван дэд захирал томилогдов. Харин тэргүүн дэд захирлын албан тушаалд Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан Ж.Тана томилогдох нь тодорхой болжээ. Түүнийг шинэ он гарсны дараа томилох аж.