Цар тахлын үед цахим худалдаа эрчимтэй өссөн байна
Цар тахлын үед цахим худалдаа өсөлттэй байгааг “Mongolian Marketing Consulting Group” шинэ судалгаандаа тайлагналаа. Энэ хүрээнд “ТОП 50” компанийн 27 хувь нь дижитал медиа сурталчилгаанд зарцуулах төсвөө нэмэгдүүлсэн байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 17 хувиар өссөн дүн болжээ. “Говь” компанийн хувьд хөл хорионы үед цахим борлуулалт идэвхтэй байгааг мэдээллээ.
Ялангуяа АНУ, БНХАУ, Европын Холбоонд хийж буй цахим худалдааны орлого нь 2020 оны эхний 11 сарын дүнгээр өмнөх оны мөн үеэс зургаа дахин өсөлттэй байгааг онцоллоо. Харин дотоодод энэ оны арваннэгдүгээр сараас цахим худалдааны сувгуудаар борлуулалт хийж эхэлжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглэгчийн худалдан авалтын сагсны үнийн дүн 10 хувийн өсөлттэй байгаа аж.
Ирэх онд хэрэглээний зах зээлийн идэвхжилт улс орнуудын авч буй арга хэмжээ, мөн масс вакцинжуулалт хэдий хугацаанд хийгдэхээс хамаарна гэж тус компани тодотгосон юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд захиалгын тоо жирийн үетэй харьцуулахад 80 хувиар өссөнийг цахим худалдааны "Shoppy.mn" мэдээллээ. Мөн хэрэглэгчийн дундаж худалдан авалт 50-80 хувиар өссөн байна. Засгийн газраас хүргэлтийн үйлчилгээ эрсдэлтэй хэсэгт орж байгаа учраас түр хориглоод байгаа юм.
Иймээс захиалгыг 2021 оны нэгдүгээр сарын зургаанаас хүргэх зохицуулалттай ажиллаж байгааг "Shoppy.mn" тодотгосон юм. “Дархан нэхий” компанийн хувьд хөл хорионы улмаас Улаанбаатарт байрлах дөрвөн дэлгүүрийн үйл ажиллагаа тасалдаж, тэг зогсолт хийгээд байгааг мэдээллээ. Нийслэл борлуулалтынх нь 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн хүргэлтийн үйлчилгээ хориглосонтой холбоотойгоор цахим худалдааны идэвх буурсан байна. Хөл хорио тавигдсаны дараа зах зээл идэвхжих хүлээлттэй байгааг тодотгосон юм.
Эх сурвалж: www.polit.mn