Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн өсөлт ирэх сараас шатахууны үнэд нөлөөлөх нь
Ковидын вакцин тойрсон эерэг мэдээнээс хойш дэлхийн эрдсийн зах сэргэж эхэлснийг алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны ханшаас харж болохоор байна. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таамаглал, судалгаа, тоймыг долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхлээд буй. Өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 14-20-ны хооронд таваарын зах зээл ямархуу байсныг сонирхуулъя
Өнгөрсөн долоо хоногт “West Texas Intermediate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 46.66 ам.доллараас эхэлж, оргил үедээ 49.16 ам.долларт хүрч эцэстээ 47.66 ам.доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 50.09 ам.доллараас эхэлж, оргил үедээ 52.32 ам. долларт хүрч эцэстээ 50.47 ам. доллар дээр тогтсон байна. ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнууд 2021 оны нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээгээ өдрийн 500 мянган баррелиар нэмэгдүүлж, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман сар бүр зохион байгуулагдах уулзалт нь олборлогч орнуудад зах зээлийг ажиглах биш идэвхтэй удирдах боломж олгож байгааг онцлоод буй. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Новак саявтар хийсэн мэдэгдэлдээ дэлхийн газрын тосны эрэлт цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өдрийн 6-7 сая баррелиар доогуур хэвээр байгаа учир зах зээлд хүчтэй хариу нөлөө үзүүлэх ажлыг идэвхжүүлнэ гээдэхсэн. Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр АНУ-ын Засгийн газар 900 тэрбум ам.долларыг эдийн засгийг тэтгэх хөтөлбөрт зарцуулахаар баталж, өрх бүрт 600 ам.доллар олгож, ажилгүйдлийн тэтгэмжийг 300 ам.доллараар нэмэгдүүлэхээр зориод эхэлчихсэн. Энэ арга хэмжээ эдийн засгийг дэмжиж, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зорилгод чиглэсэн гэж “Голомт капитал”-аас гаргасан таваарын үнийн таамаглал, судалгаанд онцолжээ. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн сэргэлтийн нөгөө талд шатахуунаа 100 хувь гаднаас импортолж хэрэглэдэг манайх шиг улсуудад шатахууны үнэ нэмэгдэх бодит үнэн бий.
“Блүүмбэрг” саяхны мэдээлэлдээ газрын тосны үнийн сэргэлтэд вакцин, Байдены ялалт, Хятад тэргүүтэй Азийн улсуудын эдийн засгийн хурдтай сэргэлт, ОПЕК-ийн үйлдвэрлэлээ нэмэх тохироо нөлөөлсөн гээд коронагийн идэвхтэй тархалт газрын тосны үнэд хазаар болж магадгүйг ч онцолжээ. Хэрвээ газрын тосны үнэ одоогийн түвшиндээ үргэлжилбэл 2021 оны нэгдүгээр сарын бензиний үнэ 59 ам.доллараар, өвлийн дизелийн түлшний үнэ мөн 59 ам.доллараар өсөх тооцоо гарч байна. Харин газрын тосны үнэ энэ түвшиндээ хадгалагдвал хоёрдугаар сарын бензиний үнэ 12 ам.доллараар, өвлийн дизель түлшний үнэ 10 ам.доллараар өсөх зураг харагдаж байгаа юм. Товчхондоо сүүлийн үед дэлхийн зах зээлд ажиглагдсан газрын тосны үнийн сэргэлт манай улсын хувьд шатахууны үнийн өсөлтөөр илрэх нь тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл ирэх сараас шатахууны үнэ нэмэгдэх нь. Онцолж хэлэхэд газрын тосны үнэ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 3-нд 50 ам.доллар давж байсан юм. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад тухайн үед шатахууны жижиглэнгийн үнэ Улаанбаатарт 1650-1750 төгрөг байж.